Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн хэмжээ 5.9 их наяд төгрөг болжээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
oyundelger@montsame.gov.mn
2021-06-23 11:09:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 5.9 их наяд төгрөг, үүнээс  тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 5.3 их наяд байна.


Нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь нийт орлогын 90.6 хувийг эзэлж байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 6.2 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 866.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 2021 оны 5 дугаар сард 860.9 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 956.2 (52.6 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, өмнөх оны мөн үеийнхээс 194.2 (29.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.


Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 974.5 (44.1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 365.3 (22.8 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа.


Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл энэ оны 5 дугаар сард 375.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, өмнөх сарынхаас 18.4 (4.7 хувь) тэрбум төгрөгөөр багасав. Улсын нэгдсэн төсвийн орлогын 78 хувийг татварын, 12.7 хувийг татварын бус, 5.6 хувийг ирээдүйн өв сангийн, 3.7 хувийг тогтворжуулалтын сангийн орлого эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс татварын бус орлогын эзлэх хувь 4.6 хувь, тогтворжуулалтын сангийн орлого 3.5 пунктээр өсөж, татварын орлого 7.8 пункт, ирээдүйн өв сангийн орлого 0.3 пунктээр багасжээ.


Татварын нийт орлого 2021 оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 4.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.5 (49.4 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэхэд орлогын албан татвар 850.3 (2.1 дахин) тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 317.1 (43.4 хувь) тэрбум, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 112.9 (44.1 хувь) тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 81.6 (30.7 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 100.2 (14.6 хувь) тэрбум, онцгой албан татвар 36.5 (13 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.


Татварын нийт орлого энэ оны 5 дугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 777.8 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 606.3 (43.8 хувь) тэрбум төгрөгөөр багасахад орлогын албан татвар 676.9 (82.1 хувь) тэрбум, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 120.2 (77.9 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлөв. Харин нэмэгдсэн өртгийн албан татвар 136.9 (2.1 дахин) тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 26.7 (45.7 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 13.5 (8.6 хувь) тэрбум, онцгой албан татварын орлого 8.4 (17.5 хувь) тэрбум, хөрөнгийн албан татварын орлого 4.9 (49.7 хувь ) тэрбум төгрөгөөр нэмэгджээ.


Татварын орлогод 2021 оны эхний 5 сарын байдлаар орлогын албан татвар 35.6, нэмэгдсэн өртгийн албан татвар 23, нийгмийн даатгалын орлого 17.2, бусад татвар 9.7, онцгой албан татвар 6.9, гадаад үйл ажиллагааны орлого 7.6 хувийг эзэлж байна.


Татварын нийт орлогод орлогын албан татварын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 10.3 пунктээр нэмэгдэж, бусад татварынх 0.7, нийгмийн даатгалын орлогынх 5.3, онцгой албан татварынх 2.3, гадаад үйл ажиллагааны орлогынх 1.1, нэмэгдсэн өртгийн албан татварынх 0.9 пунктээр багаслаа.


Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 2021 оны эхний 5 сарын байдлаар 6.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 (25.4 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв.


Зарлагын өсөлтөд урсгал зардал өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (33.9 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин хөрөнгийн зардал 153.5 (18.6 хувь) тэрбум төгрөгөөр багасав. Улсын нэгдсэн төсвийн зарлага ба эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны 5 дугаар сард 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 974.5 (44.1 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна. Улсын нэгдсэн төсвийн зардал багасахад урсгал зардал 861.3 (43.9 хувь) тэрбум, хөрөнгийн зардал 128 (51.4 хувь) тэрбум төгрөгөөр багассан нь нөлөөлжээ.

Холбоотой мэдээ