Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Москвагийн 9 дүгээр бага хуралд оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2021-06-23 14:50:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын аюулгүй байдлын талаар асуудал хэлэлцдэг Москвагийн 9 дүгээр бага хуралд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр оролцож байна. Энэ сарын 22-24-нд болох уг хуралд 49 орны төлөөлөгч оролцож байгаа юм.


Уг бага хурлаар дэлхийн стратегийн тогтвортой байдал, түүний үнэлгээ, чиг хандлага, үй олноор хөнөөх зэвсэг, мэдээллийн болон кибер орчны аюулгүй байдал, улс орнуудын зэвсэглэлээр хөөцөлдөж байгаа асуудал, коронавируст халдварын дэгдэлт, Оросын Африк болон Ойрх Дорнодын орнуудтай харьцах цэрэг-техникийн хамтын ажиллагаа, Европын аюулгүй байдлын асуудлаар хэлэлцэх юм. Хуралд гаднын орны төлөөлөгчдөөс гадна ОХУ-ын гадаад харилцаа, батлан хамгаалах бодлого, аюулгүй байдал судлалын институт, цэргийн академи, их дээд сургуулийн эрдэмтэд, тагнуул, тусгай албад, бусад хүчний байгууллагын удирдлага оролцож илтгэл тавина.


ОХУ-ын Батлан хамгаалах яам 2012 оноос жил бүр зохион байгуулж буй уг бага хурлаар ОХУ, бүс нутгийн болон дэлхийн цэрэг улс төрийн нөхцөл байдлын талаарх сэдвийг өргөн хүрээнд хэлэлцэж, улс орнууд өөрсдийн байр суурь, санал бодлыг солилцдог ба аливаа маргаан зөрчлийг яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэхэд голлох үүрэгтэй оролцдог чухал механизм юм. Тус хурал нь өнгөрсөн долоо хоногт Женев хотод болсон АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалтын дараахан болж байгаагаараа онцлог болж байна.


Д.Урансолонго

Холбоотой мэдээ