12-15 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулж эхэллээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-06-25 15:12:28

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд 12-15 насны 6000 гаруй хүүхэд байна гэх судалгаа бий. 

Тус аймагт энэ сарын 24-ний өдрөөс эхлэн 12-15 насны хүүхдийг коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулж байна.  

Энэ сарын 25-ны өдрийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд 12-оос дээш насны нийт иргэдийн 72.9 хувь буюу 46652 иргэн вакцины эхний тунг хийлгэжээ. Харин 60.5 хувь буюу 38665 иргэн вакцины хоёр дахь тунг хийлгэсэн байна.

Үүнээс онцлоход, 16-17 насны 2898 хүүхэд дархлаажуулалтад хамрагдахаас 204 нь вакцинаа хийлгээд буй. Мөн 12-15 насны 6000 гаруй хүүхэд вакцинд хамрагдахаас 85 нь вакцины эхний тунг хийлгэжээ. 

Ховд аймгийн хэмжээнд дархлаажуулалтын ажил үргэлжилнэ. Одоо тус аймагт 5000 орчим хүн тун (Pfizer-BioNTech), 2000 хүн тун (Astra Zeneca) вакцин нөөцөд бий. Зургаадугаар сарын 25-нд дахин 13 мянга орчим хүн тун вакцин татан авахаар болж, тусгай ажлын баг бэлтгэл хангасан байна. 

Дархлаажуулалтыг харьяалал харгалзахгүйгээр Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хийж байна. Мөн Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв дээр жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй иргэдэд вакцин хийж байгаа аж.

Үүнээс гадна хүүхдүүдийг вакцинд хамруулах зорилгоор дархлаажуулалтын ажлыг ерөнхий боловсролын сургуулиуд дээр очиж, зохион байгуулж байна.

Сүүлийн үед дархлаажуулалтад хамрагдах иргэдийн идэвх буурах хандлагатай байгаа тул иргэдийг вакциндаа хамрагдаж, эрүүл мэндээ хамгаалахыг Эрүүл мэндийн газраас уриаллаа. 

Холбоотой мэдээ