Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 169 бүтээлд патент олгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-06-29 10:35:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд энэ оны эхний 5 сард шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патент авахаар 217 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оны мөн үеийнхээс 39 (21.9 хувь)-өөр нэмэгджээ.


Иргэн, хуулийн этгээдээс мөн хугацаанд ирүүлсэн 169 бүтээлд патент олгосны 74 нь шинэ бүтээлийнх, 95 нь бүтээгдэхүүний загварынх аж. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс шинэ бүтээлийн патент 36 (94.7 хувь)-гаар нэмэгдэж, бүтээгдэхүүний загварын патент өмнөх оны мөн үеийнхтэй ижил байв. Харин өмнөх сарынхаас шинэ бүтээлийн патент 7 (87.5 хувь)-гоор, бүтээгдэхүүний загварын патент 2 (8.7 хувь)-оор нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Шинэ бүтээлд олгосон патент (давхардсан тоогоор)-ыг олон улсын ангиллаар авч үзэхэд 28 нь хүний хэрэгцээг хангах зүйл, 26 нь хими, төмөрлөг, 12 нь механик инженер, гэрэлтүүлэг, халаалт, зэвсэг, тэсрэх бодис, 11 нь физик, 11 нь технологийн төрөл бүрийн арга ажиллагаа, тээвэрлэлт, 13 нь бусад ангилалд хамаарч байна.


Оюуны өмчийн байгууллагад ашигтай загварын гэрчилгээ авахаар энэ оны эхний 5 сард 96 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оны мөн үеэс 31 (24.4 хувь)-ээр багаслаа. Мөн иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 57 ашигтай загварт гэрчилгээ олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 41 (41.8 хувь)-ээр, өмнөх сарынхаас 10 (62.5 хувь)-аар багассан байна.


Улсын хэмжээнд энэ оны эхний 5 сард барааны тэмдгийн эрхийн хамгаалалт авахаар 1953 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргажээ. Мэдүүлсэн барааны тэмдгийн 738 (37.8 хувь) нь Мадридын хэлэлцээрийн дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг аж. Мөн иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 1525 барааны тэмдэгт эрхийн хамгаалалт олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 309 (16.8 хувь)-өөр багасаж, 761 барааны тэмдгийг бүртгэхээс татгалзав.


Дээрх хугацаанд бүтээлээ зохиогчийн эрхээр хамгаалуулахаар мэдүүлэг гаргасан 500 иргэн, хуулийн этгээдийн бүх бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгожээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 31 (5.8 хувь)-ээр багасжээ. 

Холбоотой мэдээ