2016 оныг баялаг бүтээгчдийг дэмжих жил болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-09-30 15:52:23

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны салбарыг өчигдөр Дундговь аймагт байгуулж, холбооны анхны гишүүд үнэмлэхээ гардан авсан юм. Салбар холбоог удирдахаар баялаг бүтээгчдийн итгэлийг хүлээж сонгогдсон Сайнцагаан сумын “Дэлгэрэх бүрд” ХХК- ийн захирал Ц.Отгонбаяраас холбооны ажлыг хэрхэн эхлүүлэх талаар тодрууллаа.

Тэрээр хэлэхдээ, “Холбоо байгуулах уулзалт зөвлөгөөнд аймгийн төвийн голдуу тавь гаруй үйлдвэрлэл эрхлэгч ирсэн. Тиймээс нэн түрүүнд Дундговь аймгийн бүх сумын баялаг бүтээгчдийг оролцуулан анхдугаар зөвлөгөөн зохион байгуулах нь зүйтэй. Тэндээс холбооны цаашдын зорилго зорилт,хийх ажлын төлөвлөгөөгөө тодорхойлж, гишүүнчлэлээ өргөжүүлэн, сумдад салбар нэгжийг байгуулах боломж бүрдэнэ.

Түүнчлэн манай аймагт гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч олон байдаг. Тэд нэгэн дор бүтээгдэхүүнээ төвлөрүүлж зах зээлд борлуулалт хийхийг хүсдэг. Өөрөөр хэлбэл борлуулалтын нэгдсэн сувгийг тэдэнд бий болгож өгөхөөс ажлаа эхлэх нь зөв юм байх” гэв.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны салбарыг байгуулах үеэр аймгийн Засаг дарга С.Од- Эрдэнэ 2016 оныг Баялаг бүтээгчдийг дэмжих жил болгохоо зарласан. Тиймээс холбооны үйл ажиллагаатай аймгийн бодлого уялдаж, Дундговь аймагт бизнесийн орчныг сайжруулахад ахиц гарна гэж баялаг бүтээгчид итгэж байна.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд