Хойд Америк, Монголын бизнесийн зөвлөлийн хөрөнгө оруулагчдын зөвлөгөөнд оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-09-30 15:53:41

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.09.30/ Хойд Америк, Монголын бизнесийн зөвлөлийн хөрөнгө оруулагчдын 18 дахь удаагийн ээлжит зөвлөгөөнд оролцлоо.

Энэхүү зөвлөгөөн 2015 оны 09 дүгээр сарын 28-30-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Хойд Америк, Монголын бизнесийн зөвлөлийн ерөнхийлөгч Стив Сандерс УИХ-ын дарга З.Энхболдыг энэхүү зөвлөгөөнд хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд түүнийг дэлхийд танигдсан Монголын улс төрчдийн нэг хэмээн уулзалтын эхэнд онцлов.

УИХ-ын дарга З.Энхболд зөвлөгөөнд оролцогчдод тавьсан  илтгэлийнхээ эхэнд 2016 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар мэдээлэл өгсөн юм. Мөн Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулинд оруулах өөрчлөлтийн талаар танилцуулав. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалт,  уул уурхай болон уул уурхайн бус  эдийн засгийн салбарын хэтийн төлвийн талаар илтгэлдээ дэлгэрэнгүй мэдээллээ.

Энэ үеэр төлөөлөгчид УИХ-ын даргаас Монгол Улсын нийгэм эдийн засаг  болон улс төрийн нөхцөл байдлын талаар сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

Энэхүү зөвлөгөөнд Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг оролцож, Үндсэн хуулийн талаар илтгэл тавив хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд