Матад суманд дэглэм зөрчиж, хурдан морины уралдаан зохион байгуулсан эсэхийг шалгаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Матад суманд цар тахлын дэглэм зөрчиж, хурдан морины уралдаан зохион байгуулсан эсэхийг шалгаж байна.
Тодруулбал, зургадугаар сарын 25-ны өдөр тус суманд коронавируст халдварын хоёр тохиолдол бүртгэгдэж, шинэ голомт үүссэн юм. Энэ тохиолдлууд нь хүн амын дунд хийж байсан тандалтын шинжилгээнээс илэрчээ. Тиймээс хаанаас халдвар авсан буюу эх үүсвэрийг тогтоох ажил одоо ч үргэлжилж байна.
Зургаадугаар сарын 14-нд Матад сумын Жаргалант багт зохион байгуулсан морины уралдаанд оролцсон хүмүүс болон тус багийн 120 иргэнээс шинжилгээ авахад хоёр хүний хариу эерэг гарсан. Тиймээс Матад сумаас аймгийн төв, бусад сум руу зорчсон иргэдийн бүртгэлийг хийж дуусчээ. Матад сумын Жаргалант багийн Засаг дарга Б.Мөнгөнсүх: "Тухайн батлагдсан хоёр иргэн манай баг дээр зургаадугаар сарын 20-нд Хэрлэн сумаас нүүж ирсэн айлын хүмүүс. Тиймээс уралдаанд оролцоогүй" гэв. Дээрх уралдаанд 40 орчим хүн оролцсон гэсэн мэдээлэл байна.
Аймгийн Онцгой комиссоос бүх төрлийн уралдаан тэмцээнийг хориглосон үед морины уралдаан зохион байгуулж, хүний бөөгнөрөл үүсгэсэн учир аймгийн Цагдаагийн газраас энэ асуудлыг ийнхүү шалгаж эхэлжээ.