Б.Пагмажав: Дулааны салбарт эмэгтэй хүн ажиллахад хэцүү ч надад бэрхшээлтэй санагддаггүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-07-06 12:42:00

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын “Дулааны 2-р станц” ТӨХК-ийн Хөдөлмөр хамгааллын инженер Б.Пагмажавтай ярилцлаа. Түүний хувьд 2017 оноос хойш дулааны салбарт борлуулалтын байцаагч, ээлжийн ахлах, хөдөлмөр хамгааллын инженерээр дэвшин ажиллаж байгаа мэргэжилдээ эзэн болсон залуу үеийн төлөөлөл юм.


-Юуны өмнө өөрийгөө танилцуулна уу?

-Би 1994 онд Улаангом хотноо төрсөн. 2016 онд ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийг Дулаан процесс, автоматжуулалтын мэргэжлээр төгсөж байлаа. Ажлын гараагаа 2017 онд Улаангом сумын “Дулааны 2-р станц” ТӨХК-д борлуулалтын байцаагч гэсэн албан тушаалаас эхэлж байсан. Мэргэжлийн ур чадвараа ахиулан, бага багаар туршлагажиж 2018 онд ээлжийн ахлах, 2019 оноос Хөдөлмөр хамгааллын инженерээр ажиллаж байна. Инженер хүний ажилд хөдөлмөр хамгаалал салшгүй холбоотой. Иймд 2016 онд их сургуулиа төгссөн жилээ хөдөлмөр хамгааллын чиглэлээр давхар суралцсан. Дулааны салбар бол эмэгтэй хүнд хатуу гэдгийг нь мэдэж байсан ч өөрийн хүслээр энэ мэргэжлийг сонгосон. Бага байхдаа тоос шороо болсон ажлын хувцастай хүмүүсийг хараад “Энэ хүмүүсийн гараас л их ажил гардаг шүү” хэмээн бодогдож, бахархах сэтгэл төрдөг байлаа. Ер нь өөрийн мөрөөдлөө дагаж, хүссэн мэргэжлээрээ ажиллах нь сайхан байдаг. Иймд илүү хичээж ажиллахын дээр өөрийгөө тал бүрээр хөгжүүлэхийг эрмэлздэг.

-Эмэгтэй хүний хувьд дулааны салбарт ажиллахад хүндрэлтэй зүйл нь юу вэ?

-Дулааны салбарын ажиллагсдын дийлэнх хувийг эрэгтэйчүүд эзэлдэг. Тоос, шороо, дуу чимээ ихтэй гээд ажлын орчин нөхцөлийн хувьд эмэгтэй хүн ажиллахад хэцүү ч надад бэрхшээлтэй санагддаггүй. Харин ажлын талбарт хүмүүс удирдаж ажиллахад хүндрэл багагүй гарна. Ялангуяа зуух доголдох, гэнэтийн саатлын үед хоногийн 24 цаг амрахгүйгээр ажиллахдаа эрчүүдээс дутахгүй байж, хүйсийн ялгаагаа бараг мартдаг. Харин байнга ажлын хувцас өмсдөг болохоор хааяадаа эмэгтэйлэг хувцаслаад, хумсаа будахыг хүсдэг. Гэхдээ сайхан хамт олны дунд орж ажилласандаа баярлаж явдаг.

-Өөр ажил хийе гэж бодож байсан удаа бий юу?

-Энэ талаар бодож байгаагүй юм байна. Миний сонгосон мэргэжил, ажил болохоор илүү хичээе, хөгжье л гэж боддог. Тухайлбал инженер хүн мэргэжлийн хүрээнд зураг сайн уншдаг байх ёстой учраас энэ чиглэлээр өөрийгөө хөгжүүлж байгаа. Халаалт, агаар сэлгэлт, агааржуулалт, усан хангамжийн зураг төсвийн зураг зурдаг. 2017 онд “Барокко хийц” ХХК-д Сантехникийн зургийн инженерээр ажиллаж байсан. Мөн ажлынхаа хажуугаар “Барилгын инженерүүд” ХХК-д сангийн инженерээр давхар ажиллаж байна. Хамгийн сүүлд Наранбулаг сумын 15 ортой эмнэлэг, Давст сумын 50 хүүхдийн цэцэрлэгийн барилгын халаалт, агаар сэлгэлт, усан хангамж, ариутгах татуургын зураг төсөв дээр ажилласан.

-Танай компани ажилчдынхаа нийгмийн асуудалд хэрхэн анхаардаг вэ?

-Дулааны салбарын ажилчдын хувьд харьцангуй боломжийн цалинтай гэж боддог. Би хөдөлмөр хамгааллын инженерээр ажиллаад сарын цалингаараа амьдралынхаа хэрэгцээг хангачихдаг. Манай байгууллага орон нутгийн өмчит байж байгаад сүүлд төрд шилжсэнийг дагаад ажилчдын цалин хөлс, нийгмийн бусад асуудалд ахиц гарсан. Ээлжийн ажилчдад илүү цаг, шөнийн нэмэгдэл олгодог.

Мөн станцынхаа гадна хоолны газартай, улирлын чанартай ажлын хувцсаар хангадаг, өвлийн улиралд орон сууцанд амьдардаг бол халаалтын төлбөрөөс хөнгөлдөг, гэрт амьдардаг ажилчдад нүүрс олгодог. Түүнчлэн ажлын байрны хэвийн бус нөхцөл учраас ажилласан жилийн нэмэгдэл олгох, сар бүр хор сааруулах бүтээгдэхүүн хэрэгслээр хангадаг гэх мэтээр ажилчин бүрийн нийгмийн асуудалд манай станцын удирдлага ихээхэн анхаардаг. Иймээс бид ажлаа чин сэтгэлээсээ, сайн хийхийг хичээдэг.

-Танай станцад тулгамдаж байгаа ямар асуудал байна?

-Манай компанийн гол үйл ажиллагаа нь дулаан үйлдвэрлээд, үйлдвэрлэсэн дулаанаа борлуулаад төвлөрсөн хөрөнгөөрөө ажилчдын цалин, нүүрс таталт, засвар үйлчилгээ зэрэг бүхий л үйл ажиллагаагаа явуулдаг. Бид одоогоор Улаангом сумын 118 аж ахуйн нэгж, 34 төсөвт газар, 1780 гаруй айл өрхийг дулаан халаалт, хэрэглээний халуун усаар хангаж байгаа. Гэтэл зарим хэрэглэгчид өр төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байх тохиолдол их гарна. Мөн халаалттай холбоотой гомдол хэлэх нь бий.

Өвлийн улиралд 3 зуухныхаа хоёрыг галлаад ямар нэгэн доголдол гаргахгүйгээр ажилладаг. Өнгөрсөн өвөл доголдол сааталгүйгээр халаалтын улирал дууссан. Харин цаг уурын байдлаас шалтгаалсан цахилгааны саатлын үед аваарын дизель мотор асаагаад шугамаа хөлдөөхгүй даваад гарсан. Манайх нөөц моторгүй байсныг хөрөнгийн эх үүсвэрийг нь шийдээд ТУЗ-аараа батлуулсан нь гэнэтийн цахилгааны саатлын үед техник хэрэгслийн бэлэн байдлыг хангахад дөхөм болж байна. Мөн оффис өрөө станц дотроо байдаг болохоор дуу чимээтэй орчиндоо дасаад сүүлдээ түүртэхээ больсон. Тусдаа оффистой болох асуудал яригдаж байгаа.

Энэ ташрамд өрх, аж ахуйн нэгж байгууллагуудад хандаад Улаангомын гал голомтыг бадрааж байгаа манай хамт олны ажлыг хүндлэн өр төлбөрөө хугацаанд нь төлж барагдуулахыг хүсэх байна.

-Төрөөс дулааны төлбөрийн хөнгөлөлт үзүүлж байгаа шүү дээ. Өр, авлагын асуудал байгаа юу?

-Цар тахалтай холбоотой хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүч, дулаан хангамж, цэвэр, халуун усны хэрэглээний төлбөрийг он дуустал төрөөс хөнгөлж байгаа. Энэ хүрээнд манай компани одоогоор 402,2 сая төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлсэн. Мөн энэ жилийн тухайд айл өрхүүдийн өр, авлагыг бууруулах, цэгцлэх талаар борлуулалтын байцаагч нар анхаарч ажилласан. Энэ хүрээнд нийт авлагын хэмжээ 41,6 хувиар буурсан байна.

-Танай станц утааны асуудлаа шийдэж чадсан нь том дэвшил байсан. Өмнө нь ямар бэрхшээл гардаг байв?

-2020 онд БОАЖЯ-ны санхүүжилтээр К1, К2 зуухандаа уутат шүүлтүүр суурилуулсан. Ингэснээр агаарт цацагдаж байсан үнсний хэмжээ буурсан. Зуухны ачаалал хэвийн үед яндангаар утаа бараг харагдахгүй болсон. Тухайн үед станцын гадна талбай, ойр орчим хөөнд дарагдаж, харлаад утаа тортог дунд л ажилладаг байсан бол энэ өвөл цагаан цастай л өвөлжлөө.

Энэ зун өвөлжилтийн бэлтгэлээ хангаж, засварын ажил их хийнэ. Жил ирэх тутамд ачаалал нэмэгдэж байгаа ч станц хүчин чадлаараа хэвийн сайн ажиллаж байна.

Өнгөрсөн 5-р сарын 15-нд халаалт зогссон. Харин одоо бол хэрэглэгчдийг халуун усаар хангаж байна. Бид 7-р сарын 15 хүртэл хэрэглэгчдийг халуун усаар хангаад түр зогсолт хийж, эргээд 9-р сарын 15-наас халаалтын улирал эхэлнэ.

-Цар тахлын үед танай хамт олон хэрхэн ажилаж байна вэ?

-Цар тахлын үеийн хөл хорио бидэнд нөлөөлөхгүй, зайлшгүй ажиллах шаардлагатай салбар учраас сүүлийн 2 жил тасалдал үүсээгүй. Ажлын байрны орчинд халдвар хамгааллыг сахиж, халдваргүйжүүлэлт байнга хийж байна. Ажилчдыг нэг удаагийн амны хаалтаар хангах, хоол хүнсээр дархлааг нь дэмжих, амин дэм өгөх зэргээр эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулж байгаа. 

-Гэр бүлээ танилцуулаач?

-Би нөхөр, хүүхдийн хамт амьдардаг. 2015 онд 3-р курсын оюутан байхдаа 20 настайдаа ээж болж байлаа. Тэр үед жилийн чөлөө аваад нэг жил хүүхдээ асраад дараа жил нь сургуулиа төгсөж байсан. Миний ханийг Цогтбаяр гэдэг. Аймгийн Цагдаагийн газрын ЗЦТ-т ажилладаг, ахмад цолтой. Хүү минь 6 настай, энэ жил нэгдүгээр ангид орно. Бид хоёр хоёулаа завгүй ажилладаг болохоор хэн хэнээ ойлгоод гэрийн ажлаа зохицуулаад явдаг. 2018 онд нэгэн зэрэг ээлжинд гардаг байх үед хүүхэд харах, гэр орны ажилд ээж маань тусалдаг байсан. Ер нь намайг анх ээж болохоос эхлээд амьдралын бүхий л ажил, асуудалд ээж маань сайн туслагч, зөвлөгч байж ирсэн. Ээжийг минь Даваасүрэнгийн Цэвэлмаа гэдэг. Улаангом сумын 8-р цэцэрлэгт багшаар ажилладаг. Энэ ташрамд ээжээрээ бахархаж, баярлаж явдаг шүү гэдгээ хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.

 

 

 

Холбоотой мэдээ