Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 23 хувиар багасжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Бүртгэгдсэн гэмт хэрэг энэ оны эхний 5 сард 9369 болж, өмнөх оны мөн үеийнхээс 2796 (23 хувь)-гаар багаслаа.
Үүнд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 2494 (34.3 хувь), хулгай 2011 (59.1 хувь), мал хулгайлах 336 (49.3 хувь), хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 207 (6.7 хувь), дээрэм 135 (54.7 хувь), хүрээлэн байгаа орчны эсрэг 117 (32.1 хувь)- аар, хөрөнгө завших гэмт хэрэг 115 (43.1 хувь)-аар багассан нь нөлөөлжээ.
Харин олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 203 (2.4 дахин)-аар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Өнгөрсөн 5 дугаар сард гэхэд 1706 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх
сарынхаас 638 (27.2 хувь)-аар багасахад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 510
(38.1 хувь), залилах хэрэг 264 (38.7 хувь), хулгайлах хэрэг 149 (37.9 хувь)-өөр
багассан нь нөлөөлжээ.
Түүнчлэн, 16, түүнээс дээш насны 10 000 хүнд ногдох бүртгэгдсэн гэмт хэрэг энэ оны эхний 5 сард 44 болж, өмнөх оны мөн үеийнхээс 13 (22.8 хувь)-аар багаслаа. Харин энэ оны 5 дугаар сард өмнөх сарынхаас 3 (27.3 хувь)-аар цөөрчээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2021 оны эхний 5 сард 74 тэрбум, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 21.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс учирсан хохирол 2.9 (3.8 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, харин нөхөн төлүүлсэн хохирол 5.2 (32.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв.
Гэмт хэргийн улмаас хохирсон хүн дээрх хугацаанд 8.9 мянга болж, 391 (4.4 хувь) нь 18 хүртэлх насны хүүхэд, 4066 (45.5 хувь) нь эмэгтэйчүүд байв. Мөн хугацаанд 2998 хүн гэмтэж, 257 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүн 270 (8.3 хувь)- аар, нас барсан хүн 68 (20.9 хувь)-аар багасжээ.
Гэмт хэргийн улмаас энэ оны эхний 5 сард хохирсон 8929 хүний 56 (0.6 хувь) нь 7 хүртэлх насных, 335 (3.8 хувь) нь 8-17 насных, 2363 (26.5 хувь) нь 18-29 насных, 2959 (33.1 хувь) нь 30-39 насных, 1901 (21.3 хувь) нь 40-49 насных, 1315 (14.7 хувь) нь 50 болон түүнээс дээш насныхан аж.
Гэмт хэрэгт холбогдсон нийт яллагдагчдын тоо мөн хугацаанд
6043 болж, өмнөх оны мөн үеийнхээс 547 (8.3 хувь)-гоор багаслаа. Нийт гэмт
хэрэгт холбогдсон яллагдагчийн 245 (4.1 хувь) нь 18 хүртэлх насных, 1027 (17
хувь) нь эмэгтэйчүүд аж. Дээрх 6043 яллагдагчийн 73 (1.2 хувь) нь 14-15 насных,
172 (2.8 хувь) нь 16-17 насных, 2351 (38.9 хувь) нь 18-29 насных, 1786 (29.6
хувь) нь 30-39 насных, 1192 (19.7 хувь) нь 40-49 насных, 469 (7.8 хувь) нь 50
ба түүнээс дээш насных байв. Улсын хэмжээнд энэ оны эхний 5 сард 28.5 мянган
хүн эрүүлжүүлэгдэж, 5.7 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс
эрүүлжүүлэгдсэн хүн 14.8 (34.2 хувь) мянгаар, баривчлагдсан хүн 1200 (17.3
хувь)-гаар багассан байна.