Ц.Үүрийнтуяа: Галсан уяачийн гайхалтай түүх олон бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-07-13 12:51:16

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Могод сумын харьяат, сумын алдарт уяач Батаад овгийн Цэрэнгийн Үүрийнтуяатай уулзаж ярилцлаа.

          - Баяр наадмын тухай хууч дэлгэх сайхан. Та хорь гаруй жил баримт материал цуглуулан “Хульжийн хурд” гэсэн ном хэвлүүлсэн. Түүнээсээ нэгэн  онцлог дулсамжийг хуваалцана уу?

          - Манай нутаг олон алдартай уяачтай. Тэднээс даншгийн начин Цэдэнгийн Галсан гэж хүний тухай яривал сонин содон байх.

Цэдэнгийн Галсан 1906 онд одоогийн Бупган аймгийн Могод сумын 2-р багийн нутаг “Бумбат”-д Цэдэнгийн ууган хүү болон төржээ. Багаасаа аав, дүү нарын хамтаар амины хэдэн малаа малпаж байж. Тэрээр Намхайтай гэр бүл болж, Улаанбаатар хот, Булган, Архангай аймгуудын хооронд өртөө харуулын албанд томилогдон ажиллаж байгаад хувьсгалын он жилүүдтэй золгосон байна. Галсан гуай арилжаа наймаа их хийж нутаг хошууныхаа хүмүүст зарж борлуулан дүү нараа тэжээдэг байсан гэдэг. Ер нь их сэргэпэн авхаалжтай нэгэн байж.

1954 онд Могод сумын “Оч” нэгдэл байгуулагдахад анхны гишүүнээр элсэн орж 1965 оныг хүртэл мал маллаж, сум, аймгийн аварга малчин болж байсан.

          - Барилдаж явсан бөх хүн байжээ дээ.

- Галсан гуай залуудаа хошуу наадамд явж буй хүмүүсийн хөтөч хийн явж байгаад долоон хошуу даншиг наадамд барилдмаар санагдан аманд гарч барилдан давсаар тав давж Даншигийн начин цол хүртсэн байна.

- Галсан уяачийн хурд хэр зэрэг давхиж байсан бол?

- Галсан начин морь их уядаг хурдан морийг их таньдаг нутаг хошуундаа апдартай уяач байлаа.Түүний морь уяж уралдуулсан он жилүүдээс өөрт олдсон баримтаас хэсэгчлэн дурьдвал аймгийн наадмын хурдан морины бүх түрүүг бараг авсан жил ч байсан.

1949 онд Булган аймгийн наадамд хээр азарга түрүү, хүрэн зээрд азарга айргийн гуравт, хээр даага айргийн гуравт, улаан хээр даага дөрөвт, 1950 онд азарга түрүү, хүрэн соёолон аман хүзүү, хээр соёолон айргийн тав, хар хязаалан түрүү‚ хээр шүдлэн аман хүзүү, хээр даага аман хүзүү, 1952 онд хүрэн азарга айргийн тавд‚ хүрэн морь түрүү, хээр соёолон түрүү‚ 1953 онд хээр азарга түрүү, хүрэн азарга айргийн дөрөвт‚ цоохор азарга тавд, хар морь түрүү, хүрэн морь аман хүзүү, хээр соёолон тавд, шар хээр шүдлэн аман хүзүү, хар даага түрүү, 1956 онд бор хязааланг айргийн гуравт хурдлуулсан байна. Энд зөвхөн аймгийн наадмын уралдааныг хэллээ. Тэр үеийн сумын наадмын цуваа байхгүй учир суманд яаж давхиулсан нь тодорхойгүй байна. Яаж ч бодсон олон түрүү айраг хүртэж байсан нь ойлгомжтой.

Галсан гуай аймгийн наадамд явахдаа нутгийнхаа уяачдыг ахалж явдаг, тэдэнд заавар зөвлөгөө өгдөг байжээ. 1950 оны наадамд Могодчууд аймгийн баяр наадмын хурдан морины уралдааны зургаан насны түрүүг бүгдийг нь авч одтой хийморьтой наадаж байсан баримт хадгалагдан үлджээ. Энэ наадамд Галсан начин түүний төрсөн дүү Манал нар таван насны морины уралдааны түрүүг авч, Дэмбээ өвгөний хурд нэг насанд нь түрүүлсэн байна.

          - Алдартай уяачийн тухай хууч яриа их байна уу?

- Галсан начингийн тухай үлгэр домог шиг олон хууч яриа нутгийн олны дунд хадгалагдан үлджээ. Зарим нэгээс нь яривал сонин байх. Түүний хурдан хээр азарга аймгийн баяр наадамд явж байхдаа Булган сумын төвөөс хэдхэн км байх Өлийн даваа өөд өгсөж явахдаа эцээд явахгүй байжээ. Тэгэхэд нь Галсан гуай тэр шөнө хээр азарганаасаа хөлс авчээ. Цуг явсан хүмүүс түүнийг “Галсан гуай сайн уяач гэхээр галзуурах юм. Эцсэн азарганаас хөлс авлаа” гэж ярьж байж. Маргааш нь тэр хээр азарга нь их хол түрүүлж ирсэнд түүний морины эрдэмийг шагширан магтаж байжээ.

1953 онд аймгийн наадамд ердөө дөрвөн азарга мордсоныг Галсан гуай хараад төрийн наадмын морины тоо бүрэн байх ёстой гээд зэлэн дээр байсан цоохор азаргаа барьж мордуулаад тоог нь гүйцээгээд явуулжээ. Тэр нь айрагдсан баримт аймгийн архивт хадгалагдан үлдсэн байна. Ийм л гярхай овжин гүйлгээ ухаантай хүн байсныг нутгийн хөгшид их ярьдаг.

- Ахмад уяачид морины уя сойлго тааруулж байх үедээ хатуу дэг жаяг мөрддөг. Энэ тухай баримт байна уу?

- Галсан начин хурдан мориныхоо уяанд дэг жаяг, сахипга батыг хатуу баримталдаг хурдны уяан дээрээ согтуу хөлчүү хүн очуулдаггүй, хөлстэй морь уяуулдаггүй, элдэв дэмий чалчаа үг яриа яриулдаггүй, хүнээр морио уяуулдаггүй өөрөө гардаж уядаг байжээ. Галсан гуай аймгийн наадамд очоод морьдоо болон хүүхдээ “Дуран” Балдан гуайд даатгаж орхиод өөрөө уяа хэсээд явчихдаг, ямар морины уяа сойлго таарч уу гэдгийг ажиж судалдаг, түүнд тааруулан өөрсдийнхөө морийг уралдуулахаа хүүхэддээ захидаг байсан байна.

- Галсан уячийн морь таних, уяа сойлго шинжих эрдмийн талаар хууч элбэг байх аа.

- Түрүүлэх морийг яг мэддэг хосгүй авъяастай нэгэн байсан гэдэг. Аймгийн нэг наадмаар Буян-Очир гуайн хээр азаргыг түрүүлэх замыг заажээ. Буян-Очир гуайд “чиний хээр азарга, хээр, алаг хоёр азаргатай цуг явна. Замдаа алаг азарга сууна. Морины бариа ойртож, хүмүүсийн үзүүр хүрэхэд хээр азаргын зөв талын бөгсийг дэрлүүлээд яваарай. Хээр азарга барианд орохын үед таварцаглана. Тэгэхлээр чиний хээр азарга түрүүлнэ” гэж хэлж. Яг л хэлсэн ёсоор  болж Буян-Очир гуайн хээр азарга түрүүлжээ. Энэ тухай Буян-Очир гуай Галсан надад нэг тус болж миний азарга түрүүллээ хэмээн ярьж байжээ.

Гэтэл нөгөө хээр азарга нэг хөлс дутуу байгаад хүмүүсийн голоор орж бахардаж унасан байсан гэсэн. Үүнийг Галсан гуай гярхай харж мэдсэн байж. Уралдах хүлгүүдээс түрүүлэх морийг таньдаг Галсан начингийн билиг авьяасыг баталсан бас нэгэн баримт байна. Баруун могойн баян Чоймбол гэж алдартай хүнийг дээхнэ үеийнхэн андахгүй мэддэг юм бипээ. Орхон сумын хүн, голдуу Баруун могойгоор нутаглаж явсан гэдэг. Чоймбол гуайн хүү Пүрэв нэг хууч ярьсан байдаг.

1960 оны сүүлээр Булган аймгийн Бугат сумын монхор Цэрэндоржийн эцэг Чоймбол гуайн 70 насны ой Дундатын голд болж гэнэ. Тэр үеэр морь уралдуулахад Хангалын Дэрэмийн халзан морь, Хишиг-Өндөрийн “гүйдэг” Даш зааны хээр морь хоёр их тасарч гарч ирсэн. Эрдэнэтийн наад хөтөл дээр хээр морь сууж, халзан морь ганцаар давж ирсэн гэдэг. Халзан морь хадуурсан хэрнээ түрүүлээд хээр морь зургаад орсон юм. Дараа нь аймгийн баяр наадам болсон байна. Тэр үед аймгийн дарга байсан Анандын Равжир гуай морь сайн уядаг, хурд гайхалтай таньдаг Могодын Галсан начингаас өнөөдөр ямар морь түрүүлэхийг асууж л дээ. Өвгөн бодож цөхсөн юмгүй “Дашийн хээр түрүүлнэ” гэхэд Равжир дарга баахан гайхсан янзтай яагаад тэр билээ? Гэтэл:

- Хээр морины уяа түрүүн жаахан дутуу байсан юм. Одоо гүйцжээ гэхэд нь халзан морь яах вэ гэвэл,

- халзан морь хадуурна аа гэв. Даш заан мордоод яваад өгч гэнэ. “Халзан мориноос битгий салаарай” гэж мориныхоо хүүхдэд захих гэж яваа нь тэр байв. Галсан начин үнэн үг хэлснийг Даш заан мэдсэн хэрэг л дээ. Галсан начингийн шинжсэнээр хээр морь бүргэд шинжийн морь, халзан морь туулай шинжийн морь, давааны уруу буруу талаар нь гуугалаад ороход халзан морь хадуурна гэж хэлсэн. Морьд ч айсуй, хэлсэн хоёр морь цуг гараад ирсэн, халзан морь ч хадуурсан, Даш гуайн хээр морь хол түрүүлсэн гэдэг юм. Галсан начин хээр морь түрүүлэхийг яаж мэдсэн юм бол мөн ч онож хэлж билээ. Би үүнийг нүдээр үзэж чихээр сонссон хүн шүү гэж Пүрэв гуай ярьсан байна.

Хээр морио унаж уралдуулсан Даш зааны хүү Өлзийбаяр Галсан начингийн тэр үүгийг өөрийн чихээр сонссоноо хожим хүнд ярьсан байдаг.

          Галсан начин одоогийнхоор улсын Тод манлай уяач байхаар эрдэм чадал гаймшигтай уяач, хурдан морины том зүтгэлтэн байх байлаа. Галсан гуай Могод сум болон Булган аймгаас төрж гарсан нийт уяачдын манлайд нь бичигдэхээр аргагүй л аугаа их авьяас билэгтэй домогт уяач явжээ.

          - Ярилцсан танд баярлалаа.

Холбоотой мэдээ