Герман, Бельгид үерийн улмаас олон хүн амиа алджээ

Дэлхийд | Байгаль орчин
khulan@montsame.gov.mn
2021-07-16 10:32:30

БЕРЛИН. /BBC/. Герман, Бельгид хүчтэй аадар бороо орсноос үүдэн голуудын усны түвшин ихээр нэмэгдсэний улмаас 70 хүн амиа алджээ.


Ийнхүү амиа алдсан хүмүүсийн дийлэнх нь Германд бүртгэгдсэн бол Бельгид 11 хүн амиа алджээ. Тодруулбал, Германы Рейнланд-Пфальц, Хойд Рейн-Вестфал муж байгалийн гамшигт үзэгдэлд хамгийн их нэрвэгдсэн байна. Мөн хөрш Нидерланд улсад ч мөн үерийн гамшиг нүүрлэжээ.


Цаг агаарын урьдчилсан мэдээллээр баасан гарагт бүс нутгийн хэмжээнд хүчтэй аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. Оршин суугчдын хувьд байгалийн энэхүү үзэгдлийг уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гэж үзэж байна.


Тухайлбал, Хойд Рейн-Вестфал мужийн тэргүүн сайд Армин Лашет үерийн гамшигт нэрвэгдсэн бүсийн нөхцөл байдалтай биечлэн танилцах үеэрээ дэлхийн дулаарлыг уур амьсгалын эрс үзэгдэлтэй холбон тайлбарлажээ.


“Бид цаашид ийм үзэгдлүүдтэй нүүр тулсаар байх болно. Уур амьсгалын өөрчлөлт нэг мужийн асуудал биш тул түүний эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг улам түргэвчлэх хэрэгтэй байна” гэж тэрбээр хэлэв.


Эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цаг уурын эрс тэс үзэгдлүүдийн давтамж нэмэгдэх төлөвтэй байгааг анхааруулж байгаа боловч аливаа үзэгдлийг дэлхийн дулааралтай шууд холбох нь хүндрэлтэй байдаг. 


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзахаар тус улсад хүрэлцэн очоод буй Германы Канцлер Ангела Меркель байгалийн гамшигт үзэгдлийн улмаас амиа алдагсдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлээд, Засгийн газрын бүх хүчин иргэдийн амь насыг авран хамгаалахын төлөө хамтын хүчин чармайлт гаргана гэдгийг мэдэгджээ.


Германд байгалийн гамшигт нэрвэгдсэн бүсүүдэд гацсан оршин суугчдад тусламж үзүүлэхээр цэргийн олон зуун алба хаагч, цагдаагийн нисдэг тэргүүдийг дайчилжээ. Одоогийн байдлаар баруун нутгийн сургуулиудын сургалтыг түр зогсоосон байна. Мөн нийтийн тээврийн сүлжээ тасалджээ.



Холбоотой мэдээ