АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Япон, БНСУ, Монголд айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-07-17 08:10:52

ВАШИНГТОН. /US Department of State/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уэнди Р. Шерман Япон, БНСУ, Монгол Улсад долоодугаар сарын 18-25-ны өдрүүдэд айлчилна.


Төрийн нарийн бичгийн даргын орлогч Токио хотноо айлчлах хугацаандаа Японы төлөөлөгчидтэй уур амьсгалын хямралтай холбоотой асуудлуудтай тэмцэх, дэлхийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг бэхжүүлэх тэргүүтэй өргөн хүрээний асуудлуудаар хэлэлцэнэ.


Мөн У.Шерман, Японы Гадаад хэргийн дэд сайд Мори Такэо, БНСУ-ын Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Чой Жон Кун нартай БНАСАУ-тай холбоотой бүс нутгийн асуудлууд, уур амьсгалын өөрчлөлт, дэлхий нийтийн эрүүл мэнд зэрэг талуудын өмнө тулгарч буй сорилтуудыг зохицуулах чиглэлд гурван талын хамтын ажиллагааг өрнүүлэх талаар хэлэлцэх юм. Түүний дараа Төрийн нарийн бичгийн даргын орлогч БНСУ-ын төлөөлөгчидтэй уулзаж, Гадаад хэргийн тэргүүн дэд сайдтай стратегийн яриа хэлэлцээ өрнүүлэхээр Сөүл хотыг зорино.


Тийнхүү У.Шерман Сөүлээс Улаанбаатар хотыг зорьж, Монгол Улсын төлөөлөгчидтэй хоёр талын Стратегийн түншлэлийг бэхжүүлэх хийгээд ардчиллын хамтын үнэт зүйлс болон шашин шүтэх эрх чөлөө, уламжлалт соёлын онцлог, ёс заншлыг хүндэтгэх зэрэг хүний эрхийн талаар хэлэлцэнэ. 


Төрийн нарийн бичгийн даргын орлогч энэ сарын 18-25-нд хийх айлчлалынхаа үеэр Энэтхэг, Номхон далайн бүсэд энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг хөхиүлэн дэмжих, олон улсын дүрэмд суурилсан дэг журмыг дагаж мөрдөх чиглэлд холбоотнууд, түншүүдтэйгээ хамтран ажиллах АНУ-ын үүрэг амлалтыг дахин нотлох ажээ. 

Холбоотой мэдээ