“Далха бандида” хүн чулуун хөшөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-07-17 11:07:19

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сэлэнгэ сумын төвийн зүүнтээ орших, орой дээрээ эртний барилгын үлдэгдэл бүхий хадтай толгойг Ингэт толгой гэдэг. Энэ толгойн энгэрт улбар бор өнгийн элсэрхэг чулуугаар урласан нэгэн хүн чулуун хөшөө байдгийг нутгийнхан “Далха бандида" хэмээн нэрийдэн тахин шүтдэг.

Хүн чулуун хөшөөнд өргөн урт ханцуй бүхий хэлхгэр өмсгөлтэй‚ босоо хүний дүрийг гарган урлажээ. Толгойн оройд дээрээ овгортой малгай өмсгөн дүрсэлж, дугариг нүүрэнд хүнхэр том нүд, навтгар хамар дүрсэлжээ. Хоёр шанаанд чихийг цемент мэт зуурмагаар орлуулан хийсэн байх бөгөөд чухам хэдий үед ингэж хийсэн нь үл мэдэгдэнэ. Гарын алга‚ сарвууны хэсгийн дүрслэл тодорхойгүй. Хөшөөний энгэрт хувцас хунарын ямар нэг дүрслэл мэдэгдэхгүй боловч энгэр, хормойн хэсэгт улаан зосоор ханан хээ зурж чимэглэсэн байна. Хөшөө нь 220.0 см ендер, 70.0 см өргөн, 30.0 см зузаан хэмжээтэй. Ингэт толгойн хүн чулуун хөшөөг зарим эрдэмтэд Киданы цаг үед бүтээгдсэн болов уу хэмээн таамагладаг боловч чухам хэдий үед бүтээгдсэн болохыг баттай тогтоосон эрдэм шинжилгээний баримт нотолгоо өнөөг хүртэл байхгүй байна гэж түүхч Э.Жигмэддорж бичсэн байна.

Ингэт толгойн өвөрт байсан энэхүү хүн чулуун хөшөөг 1970-аад онд анхны байрлалаас нь зөөж, сумын дунд сургуулийн дотуур байрны хашаанд нэг хэсэг байрлуулж байгаад хожим 1980-аад оны дунд үед өнөөгийн байгаа газарт нь авчирч байрлуулжээ. Ингэж нааш цааш зөөхдөө трактороор чирснээс дүрслэлийг нь багагүй гэмтээсэн байна. Хүн чулуун хөшөөг анх Н.Сэр-Оджав, Д.Баяр нар судалжээ.

Энэ хун чулуун хөшөө нь Монгол нутгаас илэрч мэдэгдээд байгаа 700 гаруй хөшөөний дундаас дүрслэлийн хувьд цор ганц олдсон онцгой содон хүн чулуун хөшөө аж. Хөшөөний өмнө байх чулуун аягыг идээгээр дүүргэж, амыг тосоор мялаадаг заншил уламжлагдсаар иржээ. Сүүлийн үед хүмүүс хүслээ чихэнд нь шивэгнэдэг болжээ.

Холбоотой мэдээ