Сонгуулийн сурталчилгаа өндөрлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-06-28 02:54:53

Баян-Өлгий аймагт сонгуулийн сурталчилгааны хаалтын ажиллагаагаа өчигдөр төрийн болон намууд туг далбааг намируулан, төрийн дуулал эгшиглүүлсэн өндөр хүндэтгэлтэй зохион байгуулагдлаа.

Өлгий хотын төв талбай дээр МАН үд дунд, АН үдээс хойш цуглаан зохион байгуулж хаалтаа хийлээ.  Харин оройн цагаар орон нутгийн олон нийтийн радиогоор сонгуульд оролцсон нийт нам, хувиараа нэр дэвшигчдийн зарим нь «үлдээх үгээ» хэлцгээв. Гол хоёр намынхан хоорондоо ихээхэн зөрөлдөж, ялангуяа УИХ-ын тавдугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн Х.Баделхан, АН-аас нэр дэвшсэн Х.Ержан нар тус аймгийн тусын тулд юу ч хийж бүтээгээгүй гэж бие биеийгээ хайр найргүй шүүмжилсэн бол БНН-аас нэр дэвшигч Н.Самат МАН, АН хоёрын аль алиныг нь ч засгийн эрхэнд гаргаваас тэд өөдтэй юм юу ч хийж чадахгүй, нийгмийн хөгжил, саатал бахь байдгаараа байх болно гэсэн дүгнэлтээ илэрхийллээ.

Сурталчилгааны үед сонгуулийн хууль зөрчсөн 30 орчим хэрэг хуулийн байгууллагад шилжсэний дотор МАН, АН тус бүрээс аймгийн ИТХ-д нэр дэвшсэн хоёр хоёр хүний асуудал нэрийг нь татах хэмжээний зөрчил гэгдээд байгаа боловч эцэслэн шийдэгдээгүй байна.

      Ш.Айзаря

Холбоотой мэдээ