С.Бямбацогт: Монгол Улс Ази тивд анх удаа хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлыг хуульчилсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-07-20 14:59:57
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос дөрөвдүгээр сарын 2-нд баталсан Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн талаар өнөөдөр мэдээллээ. 


Тус байнгын хороо 2021 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын тайлан болон 2021 оны намрын ээлжит чуулганы хугацаанд батлуулахаар төлөвлөж байгаа зарим хуулийн төслийн талаар танилцуулсан юм. 


Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталснаар, Монгол Улс Ази тивд анх удаа хүний эрх хамгаалагч гэж хэнийг хэлэх, хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдвөл хэрхэн хамгаалах талаар эрх зүйн зохицуулалттай улс болон бусад улсыг түүчээлсэн талаар Байнгын хорооны дарга С.Бямбацогт онцлов. Тус хуулиар хүний эрх хамгаалагч гэж хэн болох, хүний эрх хамгаалагч нь хүний эрх, эрх чөлөө, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах болон хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг хувийн ашиг сонирхолд ашиглахыг хориглосон зэрэг хоёр гол асуудлыг зохицуулсан гэв. Тодруулбал, ганцаараа, эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа, түүнд оролцож байгаа хүнийг Хүний эрх хамгаалагч гэж тодорхойлсон. Хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжиж, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн эсрэг хүчирхийллийн бус, тайван аргаар үзэл бодлоо илэрхийлж, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг хүндэтгэж, аливаа хэлбэрээр хүний эрхийг хамгаалахыг “хүний эрх хамгаалах үйл ажиллагаа” гэж тодорхойлсон байна.


Нөгөөтэйгүүр, хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг ашиглан бусдыг сүрдүүлэх тэргүүтэй эрсдлийг тооцож тухайн хүн нь хүний эрх хамгаалагч мөн эсэх, хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулснаас шалтгаалан эрх нь зөрчигдсэн эсэхийг тогтоодог байхаар заажээ. Зөрчигдсөн эрхийг нь хамгаалах үйл ажиллагаа явуулдаг Хүний эрх хамгаалагчийн хороо байх бөгөөд тус хороонд хүний эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл давамгайлсан байхаар хуульчилжээ. Хороо нь хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, гомдол, мэдээллийн талаар нотолгоо, баримт, мэдээлэл цуглуулах, хүний эрх хамгаалагчийг хамгаалах хэрэгцээ шаардлагыг тодорхойлно. Мөн эрсдэлийн үнэлгээ хийх, түүнд үндэслэн гаргасан дүгнэлтийг Комисст хүргүүлэх зэргээр хүний эрх хамгаалагчийн эрхийг хамгаалах юм.


Тус Байнгын хороо ээлжит чуулганы хугацаанд нийт 23 удаа хуралдаж, Үндсэн хууль, Монгол Улсын эрх зүйн бодлого, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд 170 асуудлыг хэлэлцэн, Өршөөл үзүүлэх тухай, зохиогчийн эрх, патент, оюуны бүтээл, хүний эрхийг хамгаалсан хуулийг батлуулжээ. 

Холбоотой мэдээ