Монгол, Тайванийн эмнэлэг ECMO аппаратны хэрэглээний туршлага солилцох видео хэлэлцүүлэг хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-07-22 12:06:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайванийн Үндэсний их сургуулийн харьяа эмнэлэг болон Монгол Улсын томоохон эмнэлгүүд ECMO буюу уушги орлуулагч аппаратны хэрэглээний туршлага солилцох видео хэлэлцүүлэг, семинарыг энэ сарын 19-ний өдөр зохион байгуулав.


ECMO буюу уушги орлуулагч аппарат нь “COVID-19” халдвар авсан маш хүнд, хүнд өвчтөний эмчилгээнд чухал ач холбогдолтой тоног төхөөрөмж юм. Иймд энэ удаагийн видео хэлэлцүүлэг, семинар нь хоёр орны анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны шинэ эхлэл болох чухал ач холбогдолтой юм.  


ECMO буюу уушги орлуулагч аппарат бүхий Улсын Нэг болон Гуравдугаар төв эмнэлэг, ХӨСҮТ-ийн эмч нар уг видео хэлэлцүүлэг, семинарт оролцсон ба Улсын Хоёрдугаар төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлгийн Зүрх, судас болон цээжний хөндийн мэс заслын эмч нар, Тайванийн Үндэсний их сургуулийн харьяа эмнэлгийн ECMO багийн ахлагч, онол практикийн арвин туршлагатай доктор Ван Жи Сиэнь “ECMO аппаратны хэрэглээ” сэдвээр танилцуулга хийж, эмчилгээний бодит практик жишээнээс хуваалцав.


Улсын Гуравдугаар төв эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир хэлэхдээ, “Цар тахлын улмаас хоёр эмнэлгийн эмч мэргэжилтнүүд бодит ажиглалт хийх, нүүр тулан уулзалт хийх боломжгүй байсан өнгөрсөн жил гаруйн хугацаанд видео, цахим хэлбэрээр харилцан туршлага судласаар байсан болно. Коронавирус нь Монголын ард түмний аж амьдрал, эрүүл мэндэд ноцтой хор хохирол учруулж байна. ECMO аппарат нь “COVID-19” халдвар, зүрх, уушгины өвчинтэй хүнд өвчтөнийг эмчлэхэд чухал ач холбогдолтой юм. Тайванийн туршлагаас суралцаж, цар тахлын эсрэг тэмцэх чиглэлээр хамтран ажиллаж, илүү олон хүний ​​амийг аварч чадна гэж найдаж байна” гэв.


Тайванийн Үндэсний их сургуулийн харьяа эмнэлгийн Олон улсын эрүүл мэндийн төвийн гүйцэтгэх захирал Жу Жиа Ю хэлсэн үгэндээ, “Шинэ төрлийн коронавирусний мутацлагдсан хувилбарын аюул заналхийлэл, хүнд өвчин, нас баралт нэмэгдэж буйгаас үүдэн ECMO буюу уушги орлуулагч аппарат эмчилгээний чухал аппарат хэрэгсэл болсон гэдгийг онцлон, харилцан туршлага судласнаар ECMO аппарат ашиглах чадвараа сайжруулах боломжтой юм” хэмээв.


2020 онд цар тахал дэгдсэнээс хойш өнөөг хүртэл Тайванийн Үндэсний их сургуулийн харьяа эмнэлэг болон Монголын түнш эмнэлгүүд хамтран нийт 4 удаагийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай видео хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулжээ.


Холбоотой мэдээ