Цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-07-22 18:25:01

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн сумын 13-р багт Азийн хөгжлийн банкны 9,1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр  2019 оны 6 дугаар сарын сүүлээс барьж эхэлсэн цэвэрлэх байгууламжийн барилгын ажил дуусч, өнөөдөр улсын комисс хүлээн авлаа.

Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн MOН-3713 төсөл”-ийн хүрээнд “Хөвсгөл аймгийн Мөрөн хотын төвийн цэвэрлэх байгууламж болон бусад туслах үйлчилгээ”-ний барилга угсралтын ажлыг амжилттай гүйцэтгэжээ.

“Төслийн хүрээнд  Мөрөн хотод  хоногт 3000 м3 хүчин чадалтай, байгаль орчинд ээлтэй орчин үеийн биологи цэвэрлэгээний бохир ус цэвэрлэх байгууламж барьж, цэвэрлэсэн усаа ногоон байгууламж, зам талбай услахад дахин ашиглах, цэвэрлэх байгууламжаас гарч буй лагийг боловсруулж шахмал түлш гарган авах нөхцөл бүрдлээ” гэдгийг  аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар онцолж байлаа.


Цэвэрлэх байгууламжийн ойролцоох Мөрөн сумын 13-р багийн иргэдэд урин дулааны цагт бохир их үнэртдэг учраас иргэдийн эрүүл ая тухтай орчинд амьдрах эрх зөрчигдөж ирсэн. Анх удаа монгол инженерүүд Монгол орны цаг уурын нөхцөлд тохирохуйц цэвэрлэх байгууламжийн шийдэл гарган бохир ус цэвэрлэх байгууламжийг шинэлэг технологи ашиглан барьснаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасч, орон нутгийн оршин суугчдын эрүүл ахуй, орчны стандарт дээшилж, иргэд ая тухтай эрүүл орчинд амьдрах боломж бүрдлээ.


Холбоотой мэдээ