Гэр нь шатсан өрх толгойлсон эмэгтэйд гэр олгожээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-07-22 18:57:16

Увс /МОНЦАМЭ/. Түргэн сумаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Б.Алтанням тойрогтоо ажиллаад иржээ. Тэрбээр 2020 оны орон нутгийн сонгуулиар Түргэн суманд бие даан нэр дэвшиж, ялалт байгуулсан юм.

“Би энэ сарын 12-20-ны өдрүүдэд төрөлх Түргэн сумандаа ажиллаж, багагүй ажлыг амжууллаа. Тухайлбал, сумын удирдлага болон онцгой комиссын гишүүдтэй уулзан, цаг үеийн асуудлаар санал бодлоо солилцож, цар тахлын энэ хүнд үед хэрхэн ажиллаж байгаатай танилцсан. Түргэн суманд халдварын 28 тохиолдол бүртгэгдэж, тохиолдол тус бүр дээр хязгаарлалт тогтоон, хавьтагчдыг тусгаарлан шинжилгээнд хамруулж, сэжигтэй буюу түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлуудыг сумын хүн эмнэлэгт эмчилж эдгээсэн байна. Мөн богино хугацаанд өрх бүрээс шинжилгээ авахад сумын хэмжээнд сэжигтэй тохиолдол илрээгүй аж.


  Энэ үеэр сумын Эрүүл мэндийн төвд халдвар хамгааллын үед хэрэглэгдэх хувцас хэрэгсэл, ариутгалын тоног төхөөрөмж, бодис  зэрэг нийт 3 сая гаруй төгрөгийн бараа материалыг хүлээлгэн өгсөн. Бараа материалыг худалдан авахад дэмжлэг үзүүлсэн найз, Түргэн сумын уугуул, “Бат Стандарт” ХХК-ийн захирал Ч.Батсуурь, “Ш.И.Х” ХХК-ийн захирал Г.Баянмөнх нартаа баярлаж талархсанаа илэрхийлье.

Мөн “Цаст Дэглийн Хатан Ухаан” ТББ-ын эмэгтэйчүүд, хүүхдүүдийн төлөө гэсэн сайхан сэтгэлтэй бүсгүйчүүдийн санаачилгыг дэмжиж цаг зуурын бэрхшээлд автаж гэр нь шатсан Түргэн сумын Эрдэнэхайрхан багийн иргэн С.Цэцэгсүрэнд гэр гардуулж өглөө. Болно, бүтнэ” гэсэн сэтгэлээр нэгэн зүгт зүтгэж, хичээвэл бүтэхгүй зүйл гэж байдаггүй гэдгийг харуулсан “Цаст Дэглийн Хатан Ухаан” ТББ-ын гишүүд, найз Д.Отгонбаяр, гэрийн модны худалдаа эрхэлдэг иргэн Д.Бат-Очир, аймгийн ИТХ-ын ажлын алба, дарга Ц.Батболд нартаа баярлаж талархсанаа илэрхийлье.

Түргэн суманд ажиллах үеэрээ аймаг орон нутгийн хөрөнгөөр хийж байгаа ажлуудтай танилцлаа. Сумын төвийн худаг засварын ажил 60 хувийн гүйцэтгэлтэй, мөн зуслангийн зам засварын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар сумын удирдлага танилцуулсан.  

Энэ ташрамд цар тахлын энэ хүнд үед иргэн бүр хичээж, сумын онцгой комиссоос өгсөн заавар зөвлөмжийг биелүүлж ажиллахыг Түргэн сумын нийт иргэдээсээ хичээнгүйлэн хүсэж байна” хэмээн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Алтанням хэллээ.


Холбоотой мэдээ