Вакцины хоёр тун “Дельта” хувилбарын эсрэг үр дүнтэй байгааг тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-07-23 15:17:29

ЛОНДОН. /CNN/. Их Британийн судлаачид “Pfizer”, “AstraZeneca” компанийн коронавирусний вакцины хоёр тун “Дельта” хувилбараас сайн хамгаалж буйг тогтоожээ.


"Харин эдгээр вакцины нэг тун “B.1.617.2” хэмээн нэрлэгддэг “Дельта” хувилбарын эсрэг тун бага хамгаалалт үүсгэж байна" гэж судлаачид “New England Journal of Medicine” сэтгүүлд нийтлүүлсэн судалгаандаа бичжээ.


Өмнө нь тэд урьд давамгайлан тархаж байсан “Альфа” буюу “B.1.1.7” хувилбар вакцины үр дүнд хэрхэн нөлөөлж байгааг судалж байсан бөгөөд сүүлд ийнхүү “Дельта” хувилбарыг судалсан байна.


“Вакцины эхний тунг хийлгэсний дараах “Дельта” хувилбарын эсрэг үйлчлэл “Альфа”-гийнхаас буурсан байсан. Ийм үр дүн хоёр вакцины аль алинд ажиглагдсан” гэж Английн Нийгмийн эрүүл мэндийн газрын доктор Лопез Берналь болон түүний хамтран зүтгэгсэд бичжээ.


Тодруулбал, хоёр вакцины нэг тун “Дельта” хувилбарын эсрэг ердөө 30 орчим хувийн үр дүн үзүүлсэн байна.


Харин “BNT162b2” буюу “Pfizer/BioNTech”-ийн вакцины хоёр тунг хийлгэснээр “Альфа” хувилбараас 93.7 хувь, “Дельта” хувилбараас 88 хувь хамгаалагдаж байжээ. Мөн “ChAdOx1” буюу “AstraZeneca”-гийн вакцины хувьд энэ үзүүлэлт тус бүр 74.5 хувь, 67 хувьтай байгааг судлаачид тогтоожээ. 

Холбоотой мэдээ