Ах дүү Абэ нар нэг өдөр Олимпын аварга боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
anudaritsagaan@gmail.com
2021-07-26 13:57:18

ТОКИО. /Kyodo/. Японы тамирчид болох ах, дүү Абэ нар “Токио-2020” Олимпын ням гарагт болсон жүдо бөхийн тэмцээнд өрсөлдөж, хоёул алтан медалийн болзол хангалаа.


Дүү Абэ Үта нь эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд ялалт байгуулсан бол түүний ах Абэ Хифүми нь эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд учраа бүрээ өвдөглүүлснээр ялан нэг өдөр ийнхүү Олимпын алтан медаль хүртжээ.


Өдгөө 21 настай А.Үта финалын шатанд Францын тамирчин Амандин Бюшарыг ялсан байна. Харин 23 настай А.Хифүмигийн хувьд финалд Гүржийн жүдоч Важа Маргвелашвилиг ялж, алтан медалийн болзлыг тус тус хангажээ.



Тэдний ялалт нь Япон улсын Олимпоос хүртсэн алтан медалийн тоог тавд хүргэсний зэрэгцээ Олимпын наадмаас нэг өдөр алтан медаль хүртсэн анхны Япон ах, дүү хоёр болжээ.


Түүнчлэн А.Үта өөрийн хэсгээс төрсөн анхны Японы алтан медальтан, мөн хамгийн залуу аварга болсон бол А.Хифүмигийн хувьд 2008 оны Бээжингийн Олимпын наадамд оролцож байсан Масато Үчишибагаас хойш зиндаандаа түрүүлсэн анхны Японы жүдогийн тамирчин болж байна.


"Бид түүхэнд нэрээ үлдээж, түүхийг өөрчилж чадсан гэж бодож байна. Энэ удаагийн Олимпын наадам коронавирусний цар тахлын үед боллоо. Маш олон хүнд талархсан сэтгэлээ илэрхийлье" гэж А.Хифүми хэлжээ.


Дэлхийн хошой аварга А.Үтагийн хувьд анхны Олимпын наадамдаа оролцож байгаа юм. Тэрбээр тэмцээний хамгийн хүнд тулаанаа Европын аварга А.Бюшарын эсрэг хийсэн юм.



"Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд би Олимпод барилдахын төлөө маш их хичээсэн. Хичээл зүтгэл маань талаар болоогүйд маш их баяртай байна. Ахыгаа алтан медаль хүртэхэд тайвширч, маш их баярласан. Бид шагнал гардуулах ёслолоос өмнө бие биедээ баяр хүргэсэн” гэж А.Үта ярьлаа. 


Нэмэлт цагийн 4 минут 27 секундэд А.Бюшарыг иппон үнэлгээгээр цэвэр ялсан тэрбээр, “А.Бюшар бол миний хүчтэй өрсөлдөгч. Би түүнийг үнэхээр их хүндэлдэг бөгөөд ийнхүү ялж чадсандаа баяртай байна” хэмээн нэмж хэлжээ.

Холбоотой мэдээ