Тариаланчид биржээр улаанбуудай арилжихыг дэмжиж байна

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-07-27 10:05:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ намраас эхлэн хүнсний улаанбуудайг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан арилжихаар бэлтгэлээ хангаж байна.


Бэлтгэл ажлын хүрээнд 13 аймгийн 120 гаруй тариалан эрхлэгч, гурил үйлдвэрлэгч, мэргэшсэн брокер, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн удирдлагууд зэрэг арилжаанд оролцогч талуудтай уулзалт зохион байгуулж байгаа аж.


Хөдөө аж ахуйн бирж Дорнод аймгийн тариалан эрхлэгчидтэй өнгөрсөн амралтын өдрөөр уулзалт зохион байгуулж, биржээр улаанбуудай арилжих, үүний давуу, сул тал, үр өгөөжийн талаар мэдээлэл өгч, харилцан санал солилцжээ.


Уулзалтад оролцсон тариаланчид биржээр улаанбуудай арилжихыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, зөвхөн дотоодод гэлтгүй экспортын чиглэлд хамтран ажиллах нь үр дүнтэйг онцолж байсныг ХХААХҮЯ мэдээлсэн юм.


“Нью Ариг Ус” ХХК-ийн нягтлан бодогч Г.Ундрах “Хүнсний улаанбуудай нь стратегийн хүнс гэдэг утгаараа дотоодынхоо хэрэгцээг хангаад үлдсэнийг нь экспортод гаргах боломжийг нээж өгвөл зүгээр. Бирж нь бидний эрх ашгийн төлөө дуугарах ганц газар учир дэмжиж байна” гэжээ.


Дорнод бүсийн тариаланчдын холбооны тэргүүн Б.Галхүү “Биржийг зөв чиглүүлэх ёстой. Үүн дотроо алслагдсан аймгууд руу чиглэсэн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Алслагдсан аймгууд хоршоо хэлбэрийн зохион байгуулалтад ороод явах нв зөв юм байна” хэмээн ярив


Дорнод аймагт 20 гаруй аж ахуйн нэгж байдгаас арав гаруй нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж, 80 гаруй мянган га-д тариалалт хийдэг. Энэ жил бид 60 мянган тонн улаанбуудай хурааж авахаар төлөвлөөд байгаа аж.


Тэрбээр, “Дорнод гурил компани хамгийн ихдээ 10 мянган тонныг авлаа гэхэд аймагт 50 гаруй мянган тн улаанбуудайн илүүдэл гарна. Үүнийг 1000 гаруй км тээвэрлэн, Улаанбаатарт худалдвал их зардал гарах учир 35-60 км зайтай Хятадын зах зээлд экспортолмоор байгаа юм. Бидэнд экспорт хийх зөвшөөрөл өгчихвөл улс хожно. Тариаланчид  тн тутамд 150-200 мянган төгрөгийн тээврийн зардал төлөхгүй. Энэ хэрээр техник тоног төхөөрөмжөө шинэчлэх боломжтой. Иймд бирж дотоодын арилжаанд оролцохоос гадна экспортын чиглэлд ажиллавал илүү үр дүнтэй" -г онцолжээ

Холбоотой мэдээ