Замын-Үүдээр өдөрт 200 гаруй автомашин нэвтэрч байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-07-27 16:27:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын-Үүд хилийн боомтоор өнөөдрийн байдлаар өдөрт тээврийн 200 гаруй автомашин нэвтэрч байна. Үүнээс Замын-Үүд боомтоос өдөрт 110 автомашин гарч байна. 100 автомашин ачаагүй,10 автомашин нүүрс тээвэрлэн гарч байна. Харин орох чиглэлд ачаатай 100 автомашин, импортын 50-60 автомашиныг өдөрт нэвтрүүлж байна. 

Дорноговь аймгийн Замын-Үүд боомтын хилийн бүсээс дундын тээвэр хийх буюу БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн боомтын хилийн бүсэд ажиллах жолооч нарын судалгааг гаргажээ. Сонгон шалгаруулсан 100 жолоочийг тус бүр биеийн байдлыг хянах хуудсаар гаргаж, 7 хоногт хоёр удаа халдварын эсрэг PCR шинжилгээ авч, тусгаарлаж байна. Ачаа тээврийн автомашины бөөгнөрлийг багасгах, халдварын дэглэм сахиулах үүднээс хилээр нэвтрэх автомашинуудад дугаар олгож, 72 цагийн өмнө мэдэгдэж байх нэгдсэн бүртгэлийн систем ажиллуулж эхэлсэн байна.

Түүнчлэн ариутгалын төхөөрөмжийг өнөөдөр Эрээн боомтоос татан авч, хил дээр ажлын 4 өдөрт багтаан угсрахаар төлөвлөжээ. Уг төхөөрөмж нь дөрвөн улиралд ажиллах боломжтой ба нэг тонн ариутгалын бодисоор 400 автомашиныг ариутгах хүчин чадалтай юм байна. 





Ташрамд мэдээлэхэд ҮСХ-ны гаргасан мэдээллээр, манай улс энэ оны эхний хагас жилд автотээврээр 12.4 сая тонн ачаа тээвэрлэжээ. Мөн давхардсан тоогоор 27 сая хүн тээвэрлэсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 4.0 (47.5 хувиар) сая тонноор өсөж, зорчигчид 33.7 (55.5 хувиар) сая хүнээр буурчээ. Авто тээврийн салбарын орлого оны эхний хагас жилд 210.2 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 25.4 (13.8 хувиар) тэрбум төгрөгөөр өссөн байна. Энд уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн орлого өссөн нь голлон нөлөөлжээ. 



Холбоотой мэдээ