“Samsung”-ийн Вьетнам дахь үйлдвэрлэл халдварын улмаас түр саатжээ

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2021-07-29 17:23:40

СӨҮЛ. /Yonhap/. Вьетнам улс дахь ухаалаг гар утасны үйлдвэрлэл “COVID-19” халдварын улмаас түр саатаад байгаа боловч тун удахгүй хэвийн түвшиндээ эргэн очих төлөвтэй байна гэж БНСУ-ын “Samsung Electronics” компани өнөөдөр мэдээллээ.


“Вьетнамд хөл хорионы улмаас тодорхой газруудад үйлдвэрлэлийн саатал үүссэн нь үйл ажиллагаанд нөлөөлөөд байна. Гэсэн хэдий ч бид халдвараас үүдэлтэй нөлөөллийг багасгахын тулд холбогдох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа тул энэ сардаа багтан хэвийн түвшиндээ очих төлөвтэй байна” гэж “Samsung” компанийн хөдөлгөөнт холбооны бизнес хариуцсан дэд дарга Ким Сун Ку мэдээлжээ.


Вьетнам нь дэлхийд гар утасны борлуулалтаараа тэргүүлэгч “Samsung” компанийн хамгийн том үйлдвэрлэлийн бааз юм. Харин Энэтхэгт халдварын тархалт нэмэгдсэнийг үл харгалзан ухаалаг гар утасны үйлдвэрлэлд саатал үүсээгүй гэдгийг Ким Сун Ку мэдээлсэн байна. 


“Энэтхэгт бид “COVID-19”-өөр халдварласан ажилтнууддаа ажилдаа ирэхгүй байхыг сайтар зөвлөж, чухал эд ангиудаа хилийн чанадаас авч байгаа” гэж тэрбээр хэлжээ.


Өнгөрсөн долоо хоногт зах зээлийн судалгааны “TrendForce” байгууллагаас гаргасан тайланд мэдээлснээр, “Samsung”-ийн ухаалаг гар утасны үйлдвэрлэл хоёрдугаар улиралд өмнөх улирлынхаас 23.5 хувиар буурч, 58.5 саяд хүрчээ. Мөн тус компанийн Вьетнам дахь гар утасны үйлдвэрлэлийн шугамуудын ашиглалтын түвшин “COVID-19” халдварын тархалтын улмаас 60 орчим хувиар буурсан талаар дурдсан байна.


Samsung” энэ оны хоёрдугаар хагаст гар утасны зах зээл сэргэхтэй зэрэгцэн “5G” сүлжээ дэмждэг төхөөрөмжүүдийн борлуулалт нэмэгдэнэ хэмээн урьдчилан таамаглаж байна. Тус компани мөн эвхэгддэг загварын гар утаснууддаа түлхүү анхаарал хандуулна гэдгээ мэдэгдээд байгаа юм. Тодруулбал, ирэх сарын 11-нд болох танилцуулах үйл ажиллагаагаараа “Galaxy Z Fold3”, Galaxy Z Flip3” гар утсаа олон нийтэд үзүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ