Улсын хэмжээнд 2.4 сая толгой мал хорогджээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-08-02 10:23:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2020 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 29.7 сая хээлтэгч малын 20.8 сая (70 хувь) нь 2021 оны эхний хагас жилд төллөсөн байна.


Эм хонины 76.8, эм ямааны 64.4, үнээний 66.4, гүүний 59.3, ингэний 35 хувь нь төллөжээ. Гарсан төлийн 95.6 хувь буюу 19.9 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеийнхээс 2.9 (12.7 хувь) саяар багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.  Нас гүйцсэн малын зүй бус хорогдол энэ оны эхний хагас жилд улсын хэмжээнд 2.4 сая болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.1 (82.4 хувь) саяар нэмэгдлээ.


Харин энэ оны 6 дугаар сард 531.5 мянган толгой мал хорогдсон нь эхний хагас жилд хорогдсон малын 22.3 хувийг эзэлж байгаа бол 5 дугаар сард хорогдсон малаас 150 (39.3 хувь) мянгаар нэмэгдэв. Нас бие гүйцсэн малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 1297.5 мянга, хонь 843 мянга, үхэр 144.8 мянга, адуу 87.1 мянган толгой, тэмээ 15 мянган толгойгоор хорогджээ. Нийт хорогдсон малын 54.3 хувийг ямаа, 35.3 хувийг хонь эзэлж байна.


Хорогдлыг аймгаар нь авч үзэхэд энэ оны эхний хагас жилд Баянхонгор аймагт 744.8 (31.2 хувь) мянга, Дундговь аймагт 372.6 (15.6 хувь) мянга, Өвөрхангай аймагт 274.5 (11.5 хувь) мянга, Говь-Алтай аймагт 251.9 (10.6 хувь) мянган толгой мал хорогдсон нь нийт хорогдлын 68.9 хувийг эзэлж байна.


Улсын хэмжээнд 2020 оны эцэст тоологдсон 29.7 сая эх малын 644.7 мянга (2.2 хувь) нь энэ оны эхний хагас жилд хорогдлоо. Өвөрхангай, Дундговь, Баянхонгор аймагт хээлтэгч мал 54.7-200.8 мянгаар хорогдсон нь нийт хорогдсон хээлтэгчийн 62.4 хувийг эзэлж байна. Харин 17.5 мянган толгой хээлтүүлэгч мал хорогдсоны 8.2 мянган ухна, 6.7 мянган хуц, 1.6 мянган бух, 955 толгой азарга, 32 толгой ат байв.


Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилд 14.4 мянган мал өвчнөөр хорогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 21.4 (59.7 хувь) мянгаар багаслаа. Харин энэ оны 6 дугаар сард 7.5 мянган толгой мал өвчнөөр хорогдсон нь 5 дугаар сард өвчнөөр хорогдсон малаас 4.9 (2.9 дахин) мянгаар нэмэгдэв. Нас бие гүйцсэн малын хорогдлын 0.6 хувь нь өвчнөөр, 18.2 хувь нь аюулт үзэгдлээр, 81.2 хувь нь чоно, баавгай, ирвэс зэрэг зэрлэг амьтанд бариулах, мөсөнд цөмрөх, хад асгаас унах, өлдөх, осгох зэрэг шалтгаантай байлаа. 

Холбоотой мэдээ