Аймгийн засаг дарга багийн засаг дарга нарт үүрэг, даалгавар өглөө

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-08-02 17:19:13

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  Аймгийн Засаг дарга Б.Азжаргал өнөөдөр Дархан сумын 18 багийн Засаг даргатай уулзлаа. Тэрээр ажилдаа баримтлах зарчмын асуудлаар болон цаг үеийн ажилтай уялдуулан дараах үүрэг даалгавруудыг өглөө. Үүнд:

Бүх багийн Засаг дарга нар багийнхаа айл өрх, иргэд, ААНБ-ын бүртгэл судалгааг нарийвчлан гаргах.

“Ногоон-Дархан” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд гэр хорооллын багууд “Нэг хашаа-5 мод” ажлыг өрнүүлж хэрэгжүүлэх, Орон сууцны хорооллын багууд нийтийн эзэмшлийн байрнуудын орц бүрийн гадна талбайд цэцэг тарьж зүлэгжүүлэх.

2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл орон сууцны хорооллын бүх багууд хогийн ургамал буюу шарилж устгалыг бүрэн хийж дуусгасан байх.

Сар бүрийн эхний 7 хоногийн бямба гарагт зохион байгуулдаг “Бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр”-ийн хуваарийг баг бүр гаргаж, багийн нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулдаг ААНБ болон иргэдийг уг ажилд идэвхтэй оролцуулах, хоггүй цэвэр орчинг бий болгох .

Бүх багууд багийн нутаг дэвсгэртээ барьж байгуулагдсан “Хүүхдийн тоглоомын талбай”-н арчлалт хамгаалалтыг НААҮГ, иргэдтэйгээ хамтран хариуцаж эвдэрхий тоглоомуудыг засварлах, 2021 оны 9 дүгээр сарын 1 гэхэд эвдэрсэн сагсны талбайг засварлаж самбар, кольцо суурилуулах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

Өгөгдсөн, хугацаатай үүрэг даалгаврын биелэлтийг аймгийн Засаг дарга өөрийн биеэр газар дээр нь очиж шалгаж үзнэ гэдгийг багийн Засаг дарга нарт анхаарууллаа.

Мөн Багийн Засаг дарга нарыг төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэхдээ хүнд суртал, авлига ашиг сонихрлын зөрчлөөс ангид байж, өрөөндөө суух биш өрөөлийн төлөө “гүйж”, сэтгэл зүтгэл, мэдлэг чадвараа бүрэн дайчлан, бүтээлч хариуцлагатай, ёс зүйтэй ажиллахыг үүрэг болгоод иргэдийнхээ итгэлийг алдахгүй сайн дарга, сайн менежер байхыг хүслээ.

Холбоотой мэдээ