Бүсийн наадамд оролцсон иргэд буцаж ирээд долоо хоног гэртээ тусгаарлагдана

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-08-03 14:27:38

Дорнод /МОНЦАМЭ/. “Зүүн бүсийн хурд”-д оролцсон иргэд буцаж ирээд долоо хоногийн хугацаанд гэртээ тусгаарлагдана. Харин унаач хүүхдүүд вакцины бүрэн тунд хамрагдсан байх ёстой гэлээ. 

ММСУХ-ны 25 жилийн ойд зориулсан хурдан морины уралдааныг зохион байгуулах саналыг ММСУХ-ноос УОК, Засгийн газарт тавьсан юм. УОК-оос  Ховд, Сэлэнгэ, Дорнод аймгуудад бүсийн наадмыг зохион байгуулах чиглэл өгснөөр энэ сарын зургаанаас наймны өдрүүдэд Хөлөнбуйр суманд хийх гэж байна.

“Зүүн бүсийн хурд”-д зургаан нас, эрлийз гурван насны морьд тоосоо өргөнө. Уралдаанд бүрэн тундаа хамрагдсан уяачид, иргэдийг оролцуулах бөгөөд хүн бүрээс түргэвчилсэн шинжилгээ авахаар шийдвэрлэжээ.

Хурдан морийг долоогоос дээш насны хүүхэд унаж уралдахыг зөвшөөрдөг. Гэтэл 12-оос дээш насны хүүхдүүд вакцинд хамрагдаж байгаа. Тиймээс заавал 12-оос дээш насны хүүхэд хурдан морь унах уу эсвэл вакцин хийлгээгүй ч долоогоос дээш насны хүүхдээр морь унуулах уу гэдэг асуудал одоогоор тодорхойгүй байна. Бусад аймаг сумаас ирэх уяачдыг хариу арга хэмжээний багтайгаа ирэхийг зөвлөлөө.

Холбоотой мэдээ