14 төсөлд 68,8 сая төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-08-03 18:06:53
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгуудын ХХҮГ-ын хэрэгжүүлж буй “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”-ийн хүрээнд Дундговь аймагт бизнесийн 14 төсөлд 68,8 сая төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэжээ.

Төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг 07 дугаар сарын 24-ны өдөр хуралдаж, 45 төслийн саналыг хэлэлцэн, шалгаруулах журмын дагуу шаардлага хангасан төслүүдийг ийнхүү шалгаруулсан аж.

Энэхүү хөтөлбөрт ХХҮГ-аас зохион байгуулсан сургалтад хамрагдсан, 36-аас дээш хөдөлмөрийн насны бизнесийн  үйл ажиллагаа эрхэлж буй иргэд оролцох боломжтой бөгөөд төслийг 6 дугаар сард хүлээн авчээ.

Хүлээн авсан 45 төслөөс 14 төслийг дэмжиж, гурван төслийг сайжруулан дахин хэлэлцэхээр болж, 28 төслийг шалгуур хангаагүй хэмээн үзсэн байна.

Коронавирусний цар тахлын үед үйл ажиллагаа нь зогсонги байдалд орж, хөрөнгө оруулалт шаардлагатай болсон бизнес эрхлэгчдийг дэмжих энэхүү зээл нь хүүгүй бөгөөд гурван жилийн хугацаатай олгогдож байгаа юм. 

Холбоотой мэдээ