Олимпоос медаль хүртсэн Их Британийн хамгийн залуу тамирчин С.Браун

Дэлхийд | Спорт
anudaritsagaan@gmail.com
2021-08-04 16:24:14

ТОКИО. /The Guardian/. Их Британийн тамирчин Скай Браун өнөөдөр болсон эмэгтэйчүүдийн скейтбордингийн төрөлд хүрэл медаль хүртсэнээр улсынхаа хамгийн залуу Олимпын медальтан боллоо. 


Тодруулбал, тус төрөлд Японы тамирчид болох 19 настай Сакүра Ёсозүми алтан медаль, 12 настай Кокона Хираки мөнгөн медаль хүртсэн юм.


Харин Их Британийн тамирчин С.Брауны хувьд, 56.47 онооны үзүүлбэр үзүүлснээр хүрэл медалийн болзол хангаж, улсынхаа хамгийн залуу Олимпын медальтан болжээ.


Тэрбээр дөнгөж 13 настай бөгөөд финалын эхний хоёр гараандаа унасныхаа дараа сүүлчийн оролдлогоороо 56.47 оноо авч, үзүүлбэрээ амжилттай гүйцэтгэснээр ийнхүү гуравдугаар байр эзэлжээ.


Үүний зэрэгцээ мөнгөн медалийн эзэн болсон 12 настай К.Хиракигийн хувьд, 85 жилийн түүхэн дэх хамгийн залуу Олимпын медальтан болж байна.


С.Браун өнгөрсөн жил бэлтгэл сургуулилтынхаа үеэр хүнд гэмтэн гавлын яс нь цуурч, гараа хугалсан ч өнөөдрийн гаргасан амжилт нь гайхалтай байлаа. Тэрбээр тухайн бэлтгэлийн дүрс бичлэгээ өөрийн “Insragram” хуудсандаа "Илүү хүчтэй, илүү хатуужилтай эргэж ирэхдээ баяртай байна” гэсэн тайлбартайгаар нийтэлж байжээ.


Тамирчин охин Японы Миязаки мужид төрсөн бөгөөд ээж нь Япон, аав нь Их Британи гаралтай хүмүүс юм. Найман настайдаа АНУ-ын нээлттэй тэмцээнд оролцсон С.Браун 2018 онд Их Британийн төлөө өрсөлдөхөөр сонгогджээ.


Мөн маш олон төрлийн авьяастай тэрбээр 2018 онд бага насныхны ангилалд зохиогдсон “Ододтой бүжиглэе” шоунд түрүүлж байв. Энэхүү наадамд оролцох үеэрээ, скейтбординг, серфинг гэсэн спортын хоёр төрлөөр Олимпод оролцож, амжилтанд хүрэхийг хүсэж байгаагаа ярьж байжээ.


С.Браун 2019 онд скейтбордингийн ДАШТ-д гуравдугаар байр эзэлж, дараа жил нь Бразилын Сан-Паулу хотод болсон “Park World Championships” тэмцээнээс хүрэл медаль хүртсэнээр 2020 оны Токиогийн Олимпын наадамд оролцох эрхээ авсан байна.


Мөн өнгөрсөн сард тэрбээр нэр хүндтэй “X” наадмаас алтан медаль хүртэж, Олимпын наадамд өрсөлдөх бэлтгэлээ базаажээ. Энэхүү тэмцээнд Олимпын гол өрсөлдөгчид нь болох Окамото, Хираки нарын хэн хэн нь оролцоогүй юм.

Холбоотой мэдээ