Цар тахлын нөлөөгөөр аялал жуулчлалаас 2-4 их наядыг алдаж байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-08-05 14:42:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аялал жуулчлалын салбараас орж ирсэн 1 ам.доллар эргэлтэд орж, 1.42 ам.долларын борлуулалтыг бий болгодог байна. Ийм замаар аялал жуулчлалын салбар нь эдийн засагт шууд бус дам байдлаар 862 сая ам.доллар буюу 2.4 их наяд төгрөгийн борлуулалтыг бий болгож, эдийн засгийг тэтгэдэг аж. Үүгээр тооцож үзвэл, 2020 оноос хойш 2 жилийн хугацаанд нийт 4.8 их наяд төгрөгийн орлогоо тус салбар алджээ. Энэ талаар буюу "Цар тахал ба аялал жуучлал" сэдвээр МҮХАҮТ-д өнөөдөр тус салбарынхан хэлэлцэх гэж байна. 

Шинэ төрлийн коронавирусний халдварын нөлөөгөөр эдийн засгаас хамгийн хүнд цохилтод ороод байгаа салбарын нэг нь аялал жуулчлал. Тус салбарын үйл ажиллагаа сүүлийн 2 жилийн турш зогсонги байдалд орж, одоо ч сэргэж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, хамгийн их алдагдал хүлээж буй. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөл, Монголын аялал жуулчлалын холбоо, Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб хамтран “Цар тахал ба Аялал жуулчлал” сэдэвт цахим хэлэлцүүлгийг цахимаар зохион байгуулж байна.




Хэлэлцүүлэг нь КОВИД-19-ийн цар тахлын үеийн "Аялал жуулчлалын салбарын зах зээлийн чиг хандлага", "Хилээр нэвтрэх журам, жуулчин хүлээж авах эсэх", "Цар тахлын дараах гадаад сурталчилгаа" гэсэн үндсэн гурван чиглэлээр болж салбарын мэргэжилтнүүд санал солилцох юм. 


Холбоотой мэдээ