Т.Тулга, Ц.Намуунцэцэг нар маргааш дагаж барилдахаар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-08-06 18:35:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Өнөөдөр “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг, эрэгтэйчүүдийн 65 кг-д хүчээ сорьсон Ц.Намуунцэцэг, Т.Тулга нар маргааш дагах барилдаан  хийхээр болов.


Тэд өнөөдөр эхний даваандаа дэлхийн аварга япон бөхчүүдэд дийлдсэн бөгөөд японы 2 бөх финалд шалгарснаар ийнхүү дагаж барилдах боломж гарлаа. Тухайлбал, 65 кг-д барилдсан Т.Отогуро шөвгийн наймд Унгарын И.Мусукаевийг 4:1, Оросын Г.Рашидовыг хүнд барилдааны эцэст 3:2-оор ялж шигшээд шалгарсан юм.


Т.Тулга маргааш түүнд хожигдсон Мусукаевтай эхэлж барилдах бөгөөд ялвал хүрэл медалийн төлөө Оросын бөх, дэлхийн аварга Рашидовтой халз тулна.



Харин Ц.Намуунцэцэгийг буулгаж авсан Ю.Сусаки Эквадорын Л.Иепс, Азербайжаны М.Стадник нарыг нэг ч оноо алдалгүй оноогоор цэвэр ялж, шигшээд шалгарснаар манай бөх түүнд хожигдсон Иепс, Стадник нартай медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо. Тэдний дагах барилдаан маргааш 17 цаг 45 минутаас эхэлнэ. 

Холбоотой мэдээ