ОХУ шатахууны экспортоо түр зогсооход бэлэн болжээ

ТОЙМ
uranatuya@gmail.com
2021-08-09 20:19:54

ОХУ-ын Эрчим хүчний яамнаас шатахууны экспортыг түр хугацаагаар хориглох шийдвэр гаргуулах саналтай байгаагаа долдугаар сарын 30-ны өдөр мэдэгджээ. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар /2021 оны наймдугаар сарын 9-ний өдрийн/ шатахууны экспортыг түр хязгаарлах талаар ОХУ-ын зүгээс шийдвэр гараагүй байгаа ч энэ тал дээр бэлтгэлтэй байх шаардлага тулгараад байна. Энэ оны дөрөвдүгээр сард ийм арга хэмжээ авч болзошгүй тухай ОХУ-ын Засгийн газрын түлш, эрчим хүчний асуудал хариуцсан орлогч дарга А.Новак мэдэгдэж байсан аж. Энэ мэдээллийг ОХУ-д суугаа манай ЭСЯ-наас ирүүлснийг УУХҮЯ-нд тухайн үед хүргүүлж байсан байдаг.


Он гарсаар ОХУ-ын дотоод зах зээлд шатахууны үнэ тогтмол өсч, долдугаар сарын 20-ны өдөр нэг тонн шатахууны үнэ 60 мянган рубль буюу 807 ам.доллар болж түүхэн дээд түвшиндээ хүрсэн. Тиймээс дотоод зах зээл дэх үнийн өсөлтийг тогтворжуулах, бууруулах зорилгоор ойрын өдрүүдэд шатахууны экспортыг бүрэн хориглох тухай Засгийн газрын шийдвэрийг гаргуулахаар ОХУ-ын Эрчим хүчний яам санал оруулсан байна. Үүнээс гадна газрын тосны компаниудтай газрын тосны бүтээгдэхүүний бөөний салбарт үнэ болон бүтээгдэхүүний хэмжээг тохируулах тухай гэрээ байгуулж болзошгүй талаар мэдэгдээд байна. Экспортын түр хориг арга хэмжээг гурван сараас багагүй хугацаанд хэрэгжүүлнэ гэдгийг Оросын Эрчим хүчний сайд Н.Шульгинов мөн мэдэгджээ.


Экспортын энэхүү түр хязгаарлалт нь хойд хөршийн хувьд дотоод зах зээл дэх үнийг тогтворжуулах эдийн засгийн арга хэмжээ бөгөөд улс төрийн ямар нэгэн агуулга зорилго байхгүй гэж үзэж болох гэнэ. Ямартаа ч  газрын тосны бүтээгдэхүүнээр ОХУ-аас бүрэн хамаардаг манай улсын хувьд хамгийн багадаа 30-90 хоногийн нөөц бүрдүүлэх бодлогыг яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй болжээ. Мөн намрын ургац хураалтын үеэр түлшний хомсдол болон үнийн өсөлттэй тулгарч ч болзошгүй байна.


Шатахуун экспортыг энэ оны аравдугаар сарын 1-нийг хүртэл түр хориглохыг санаачлагчдын нэг нь Оросын түлшний холбоо юм байна. Үүнээс өмнө Оросын “Түлшний хараат бус холбоо” /Независимый топливный союз/ байгууллага, түлшний их хэмжээний экспортоос хамаарч дотоодод түлшний хямрал үүсээд байгаа тухай мэдэгдэл хүргүүлж байжээ. ОХУ нь гадаадын орнуудад түлш экспортлох нь дотоодын худалдаанаас илүү үр ашигтай хэдий ч эцсийн дүндээ дотоодын үнийн өсөлтийг бий болгож байгаа юм гэж тус улсын газрын тосны салбарын бизнес эрхлэгчид үзэж байгаа юм. 


ОХУ-ын дотоод зах зээл дэх шатахууны үнийн өсөлт нь нэг талаасаа цар тахалтай хамааралтай бөгөөд зуны улиралд дотоодын аялал жуулчлалын хэмжээ эрс нэмэгдсэнтэй холбоотой аж. Үүнээс гадна хэд хэдэн газрын тос боловсруулах үйлдвэрийг шинэчлэн засварлаж байгаа тул засварын ажил дуусч, хэвийн үйл ажиллагаанд орох үед бензиний үнэ тогтворжино гэсэн хүлээлттэй байна. Мөн рублийн ханш суларч, инфляцийн түвшинтэй уялдуулах эдийн засгийн шаардлага байгааг ч шинжээчид тэмдэглэж байгаа аж.


Тус улсад АИ-92, АИ-95 шатахууны үнэ 2021 оны эхэн үеэс эхлэн 18,5 хувиар өссөн нь 2010 оны гуравдугаар сараас хойш бүртгэгдэж буй хамгийн өндөр өсөлт болжээ. Долдугаар сарын сүүлчийн 10 хоногт өдөр бүр 0,36-1 хувийн хооронд хэлбэлзэж байгаа АИ-92, АИ-95 шатахууны үнийн тогтворжилтыг хангахад бэрхшээлтэй байгаа юм байна. 


Мөн 2021 эхний хагас жилийн байдлаар шатахуун үйлдвэрлэлээ 18,53 сая тонноос 19,95 сая тонн хүртэл 7,6 хувиар, дотоодын зах зээл дэх нийлүүлэлтээ 16 хувиар нэмэгдүүлж, экспортынхоо хэмжээг 1,5 дахин багасгасан байна. 


“Роснефть” компанийн хувьд энэ оны эхний хагаст Оросын шатахууны зах зээл дэх нийт бүтээгдэхүүн нийлүүлэлтийн 46 хувь, дизель түлш нийлүүлэлтийн 42 хувийг тус тус хангажээ. Оросын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулдаг гурван мянга орчим шатахуун түгээх станцыг бүтээгдэхүүнээр хангаж энэ төрлийн нийлүүлэлтийн ихэнхийг нуруун дээрээ үүрч явдаг компани бол “Роснефть” юм. Цаашид газрын тосны боловсруулалтын зах зээл дэх бүх оролцогчид үйлдвэрлэлтээ нэмэгдүүлж, дотоодын зах зээлд нийлүүлэх тохиолдолд үнийн өсөлтийг тогтворжуулах боломжтой гэж Оросын тал үзэж байна.


ОХУ-ын Засгийн газрын 2007 оны 877 дугаар тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний жагсаалтад оруулж, онцгой тохиолдолд экспортын хориг арга хэмжээ авч болох зохицуулалтыг хийсэн байдаг. Тийм болохоор шатахуун экспортынх нь тодорхой хувийг эзэлдэг манай улс тус улсын бүтээгдэхүүний хязгаарлалттай өнөө маргаашгүй нүүр тулах нь ээ.  

 

Холбоотой мэдээ