Зээлийн чанарт анхаарч, хүссэн зээлийг нь олгож байхыг зөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-08-12 12:09:56
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. ЖДҮГ-ын  Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Г.Алтайхүүгээр ахлуулсан ажлын баг Дундговь аймагт ажиллаж, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 2018, 2020 онд зээл авсан бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцжээ.

Тус аймгийн хэмжээнд дээрх онуудад Сайнцагаан, Цагаандэлгэр, Өлзийт сумын 17 бизнес эрхлэгч тус сангаас зээл авсан байна.

2020 онд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас тус аймагт 500 сая төгрөг хуваарилагдаж, 15 аж ахуй нэгжид үйлдвэрлэлийн зориулалтаар 470,0 сая төгрөгийн санхүүжилт олгожээ.

Зээл авсан бизнесүүдтэй уулзах явцад бизнес эрхлэгчдийн зүгээс хүсч байсан зээлийн хэмжээг бууруулж өгсөн учраас шаардлагатай байсан хөрөнгө оруулалтаа хийж чадаагүй гэсэн бэрхшээлийг хэлсэн байна.

Тухайлбал, 200,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байсан бизнесийн төсөлд 70,0 сая, 100,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын хэрэгцээтэй байсан төсөлд 20,0 сая төгрөг олгосон ажээ.

Аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, ХОХБТХ-ийн дарга Н.Эрдэнэ-Очир нар хяналт хийсэн ажлын багийн бүрэлдэхүүнтэй уулзах үеэр хүссэн зээлийг нь бууруулснаар хөрөнгө оруулалтаа гүйцэт хийж чадаагүй бэрхшээлийн талаар танилцуулж, цаашид зээлийн чанарт анхаарч, томоохон хөрөнгө оруулалтыг олгох нь үр дүнд хүрнэ гэдгийг онцлоод 2019, 2020 оны зээлүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг зөвлөжээ.

Холбоотой мэдээ