Ковидын нөлөөг сөрж чадсан Монголын эдийн засгийн өсөлт

Монголын мэдээ | Тойм
uranatuya@gmail.com
2021-08-13 14:36:35

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал шинжээчдийн дүгнэж, тооцоолж байснаас ахисан үзүүлэлтийг энэ оны эхний хагас жилд харууллаа. Өөрөөр хэлбэл цар тахлын нөлөөгөөр 2020 онд огцом агшилтад ороод байсан манай эдийн засаг богино хугацаанд буюу ердөө 2021 оны эхний улирлын тайлан судалгаагаар л 15,7 хувийн өсөлтийг бий болгож эхэлсэн юм. Харин он гарсаар хагас жилийн дотор эдийн засаг төсөөллөөс өндөр хувийн өсөлттэй байсан нь эдийн засгаа сэргээж хамгаалах Засгийн Газрын бодлого шийдвэрүүд ковидын асар хүнд нөлөөг үүрч байгаа энэ үед эерэг үр дүнгээ өгч байгааг илтгэв.


Монголын эдийн засаг цар тахлаас өмнөх гурван жилийн турш тогтвортой өсөлттэй байсан. 2020 оны агшилтыг даамжруулахгүйн тулд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, ажил эрхлэлтийг дэмжих, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зэрэг арга хэмжээ нь сайн менежмент болсныг эдийн засгийн шинжээчид хэлж байна.


Эдийн засгийн сэргэлт нь хүн амын вакцинжуулалттай шууд хамааралтайг бараг бүх судлаач, таамаг дэвшүүлэгчид хэлж байгаа энэ үед манай улс хэдийнээ иргэдийнхээ 60-аас илүү хувийг нь дархлаажуулаад байна. Мэдээж энэ нь эрсдэлийг бууруулж, олон салбар дахь эргэлт хөдөлгөөнийг бий болгож байгаа. Түүнчлэн Засгийн газраас Монгол банктай хамтран хямралын эсрэг хэрэгжүүлж байгаа эдийн засгийн уналтаас хамгаалах, эдийн засгаа сэргээх бодлого арга хэмжээ сайн нөлөөтэй байж, эдийн засгийн өсөлтийн төсөөллийг нэмэгдүүлсэн гэж дүгнэж болно.


Он гарсаар инфляц улсын хэмжээнд  6,2 хувь болсон ч энэ нь эдийн засгийн сэргэлттэй холбоотой зайлшгүй үзэгдэл аж. Гэхдээ энэхүү үнийн өсөлт Төв банкны зорилтын түвшинд тогтворжих хандлагатай гэж үзэж болох гэнэ. Цар тахалтай холбоотойгоор эдийн засгийн өсөлт, бууралт тааварлах аргагүй байх нь тодорхой байна. Тухайлбал энэ оны эхний улирлын 15,7 хувийн эдийн засгийн өсөлт төсөөлөөгүй өндөр үзүүлэлт байсан. Үүнд хөрөнгө оруулалт, экспортын хэмжээ нэмэгдсэн нь гол нөлөөлөх хүч болжээ. Эндээс харахад хөрөнгө оруулалтын орчин нөхцлийг сайжруулснаар эдийн засаг сэргэхэд ихээхэн түлхэц болдог гэдэг нь тодорхой байна. Ер нь эдийн засагчид ч энэ тал дээр анхаарал ихээхэн хандуулахыг зөвлөдөг билээ. Мөн дэлхийн эдийн засаг идэвхжиж, эрдэс түүхий эдийн эрэлт нэмэгдэх хэрээр манай экспортын бүтээгдэхүүний үнийг өсгөж байгаа нь завшаан болж байна.  


Түүнчлэн уул уурхайн салбараас гадна бусад ихэнх салбар уналтаас өгссөн төлөв рүү явж байгаа сайн дүр зураг бий. Олон удаагийн хөл хорио, мөн цар тахлын шинэ, хүнд нөхцлийг даван туулахад гаргаж буй Засгийн Газрын хүчин чармайлт нь эдийн засгийн сэргэлтийг аажмаар бий болгоно гэсэн хүлээлт олон улсын судалгааны байгууллагад ч буй юм. Цаашид хүссэн хүсээгүй ковидын тархалтаас шалтгаалан өрхийн орлого, ажил эрхлэлт, үйлчилгээний салбарын ашиг орлого хэлбэлзэж, үүнийг даган эдийн засгийн өсөлт бууралт ч таавар мэт байх нь. 


Төв банкны зүгээс өгч байгаа дүгнэлтээр бол бодлого, зохицуулалт хийж санхүүгийн нөхцөл зэргийг тодорхой хэмжээнд зөөлрүүлж байгаа нь эдийн засгийн сэргэлтийг дэмжиж байгаа аж. Мөн 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд зээл олголт сэргэсэн нь эдийн засгийг хөдөлгөөнд оруулсан чухал арга хэмжээ болж байна гэж дүгнэжээ. Дэлхийн улс орнууд ковидын үеийн уналтыг тодорхойгүй хугацаанд амсаж, урьдчилан төсөөлөх аргагүй ирээдүй рүү явж байгаа энэ үед эдийн засаг нь өсөлттэй байх нь тодорхой харагдаж байгаа цөөхөн улсын нэг бол Хятад. Өмнөд хөршийн эдийн засгийн энэхүү өсөлтийг дагаж манай улсын эдийн засаг ч мөн өндийх болно гэж Дэлхийн банк болон бусад шинжээчид хэлж байгаа. Гадаад худалдааны нөхцөл таатай байж, экспортын эрэлт нэмэгдсэнээр эдийн засаг 2021 онд алгуур сэргэх төлөвтэйг  ч мөн тэмдэглэж буй.


Үүнээс гадна дэлхийн эдийн засгийн сэргэлтийн нөлөө Монголын эдийн засгийн өсөлтийг ч мөн хурдасгах хандлагатай байгааг Азийн хөгжлийн банк шинэ тайландаа тусгасан. Тус банкны хувьд Монгол Улсын эдийн засаг 2020 оны 5,3 хувийн агшилтаас 2021 онд 4,8 хувьд хүрч сэргэнэ, 2022 онд 5,7 хувиар өснө гэж төсөөлсөн байдаг. Одоогоор манай эдийн засаг таамагласан түвшнээс ч өндөр үзүүлэлттэй байгаа нь тун сайн хэрэг. Гэхдээ цар тахлын дараа дараагийн давалгаа уршиг тарьж, хор нөлөө нь удаан хугацаанд үргэлжилбэл одоо ажиглагдаж буй эерэг нөхцөл байдал хийгээд, эдийн засагч, судлаачдын нааштай өөдрөг төсөөлөл хааш эргэхийг мэдэх аргагүй.


Юутай ч вакцинжуулалтын түвшин харьцангуй өндөр байгаа, цаашид уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын нөлөө эдийн засгийн байдалд эерэг үр дүнг харуулна гэж олон улсын эдийн засгийн шинжээчид ам сайтай байна. Мөн тэд Монгол Улсын хувьд өнгөрсөн оны 5,3 хувийн эдийн засгийн огцом бууралтыг цар тахлын хүнд цаг үед сэргэлтэд хүргэж чадсан нь бодлогын зөв алхмуудыг хийсний баталгаа мөн гэдгийг онцолж байна. 1990 оноос хойших эдийн засгийн хамгийн том агшилтыг богино хугацаанд сэргээж, ковидын өмнөх үеийн түвшинд хүргэж буй хүчин чармайлтаа үргэлжлүүлэх зүй ёсны шаардлага эрх баригчдад байгаа юм.  

Холбоотой мэдээ