Л.Энхтөр: Сэлэнгэ аймагт хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
delgermaa@yahoo.com
2021-08-19 12:02:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн 90 жилийн ой тохиож буйтай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутгийн зөвлөлийн тэргүүн Л.Энхтөртэй ярилцлаа.


-Сэлэнгэ аймгийг байгуулсны 90 жилийн ойг тохиолдуулан танай зөвлөлөөс ямар арга хэмжээ зохион байгуулсан бэ?

-Одоогоос 100 жилийн өмнө манай Сэлэнгэ аймгийн Ханийн хөндий хэмээх газраас үүрээр Алтанбулаг сум руу Ардын журамт цэргийнхэн хөдөлсөн түүхтэй. 400 гаруй монгол цэргээс 300 гаруй нь манай нутгийн хүмүүс байсан гэдэг. Тэд гамингуудаас Алтанбулагийг чөлөөлж энэ баяраа тэмдэглэн Цэрэг толгой буюу манай нутгийнхны нэрлэдгээр Солдат толгойд наадам хийсэн түүхтэй.

Сэлэнгэ аймаг нь Ардын хувьсгалын өлгий нутаг гэдгийг монголчууд бүгдээрээ мэднэ. Манай нутгийн зөвлөл зөвхөн Улаанбаатар төдийгүй нэлээд өргөн хүрээг хамарсан ажил төлөвлөсөн. Харамсалтай нь, цар тахлын улмаас зарим нь хойшлогдсон. Бид жилд 3-4 ажил зохион байгуулдаг, манай Сүхбаатарынхны хамгийн их сонирхдог нь “Сэлэнгэ мотокросс”. Мөн хөлбөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээн нь Улаанбаатар хотноо болдог бөгөөд тус тэмцээнийг Сүхбаатар сумын нутгийн зөвлөл дэмжин зохион байгуулдаг. Өнгөрсөн жилээс манай хөлбөмбөгчид 2 дугаар лигт дэвшин тоглох болсон. Ахмадын 2 насны ангилалд мөнгө, хүрэл медаль авлаа.

Ташрамд дурдахад, Унгарт мэргэжлийн хөлбөмбөгчнөөр гэрээ хийсэн, Монголын анхны тамирчин Д.Ганбаярын дэмжигчдийн фэн клубийг байгуулах шийдвэр гаргасан. Энэ ажлыг өнгөрсөн 7 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Ийнхүү манай зөвлөл чамгүй ажил хийдэг.


-Аймаг болгон өөрийн гэсэн онцлог давуу талтай. Танай аймгийн хувьд, манай хойд хөрштэй хил залгадаг онцлогтой.

-Тийм ээ. Сэлэнгэ аймаг манай үүрдийн хөрш ОХУ-тай хил залгадаг учир хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх  таатай нөхцөлтэй бөгөөд энэ нь бидний том давуу тал. Цар тахлаас өмнө жилд давтагдсан тоогоор 1 сая хүн орж гарсан гэсэн статистик мэдээлэл байдаг. 1989 оны 5 дугаар сард Цэргийн нэгдсэн дээд сургуульд суралцаж байхдаа багш болон ангийнхныгаа хамруулан, түүхэн аяллыг тухайн үеийн ЗХУ руу зохион байгуулсан юм. Тус аялалд манай Ерөнхийлөгч У.Хурэлсүх, Батлан хамгаалахын сайд, бригадын генерал Г.Сайханбаяр нар оролцож байлаа.  Орхон Сэлэнгийн бэлчирээр бид усан онгоцоор аялсан нь бид бүхэнд мартагдашгүй дурсамж болж үлдсэн. Тиймээс хил орчмын аялал жуулчлал гэдэг нь дэлхий дахинаа бие даасан салбар бөгөөд үүнийг манай Сэлэнгэ аймагт  хөгжүүлэх бүрэн боломжтой. Тиймээс миний дээр дурдсантай адил, түүхэн аяллыг манай зөвлөлөөс дэмжинэ.


-“Сэлэнгэ мотокросс”-ыг зохион байгуулахад танай зөвлөл идэвхтэй оролцдог. Жил бүр зохион байгуулдаг уламжлал болсон уг тэмцээн энэ жил мөн л цар тахлын улмаас хойшлогдов уу?

-Би түрүүн хэлсэн, манай Сэлэнгэ хувьсгалын өлгий нутаг. Мөн манай нутаг бол мотокроссын өлгий нутаг. Энэ  уралдаан үзэгчдийнхээ тоогоор нь аймгийн  наадмын дараа ордог манай нутгийнхны хүсэн хүлээж байдаг үйл ажиллагаа болсон.  Энэ жил “Сэлэнгэ мотокросс” уралдааныг бид 9 дүгээр сарын 12-нд зохион байгуулахаар төлөвлөчихөөд байгаа.


-Танай нутгийн зөвлөл аль чиглэлд илүү анхааран ажиллах төлөвлөгөөтэй вэ?

-Цаашдаа манай зөвлөл бизнесийг болон ажлын байрыг нэмэгдүүлэхийг дэмжин ажиллах зорилго тавьсан. Ер нь хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь манай ажлын зорилтын нэг. Үйл ажиллагаа хувийн компаниудаар гүйцэтгүүлнэ.

Ташрамд дурдахад, аймгийнхаа 90 жилийн ойг тохиолдуулан Сэлэнгийнхэндээ баярын мэнд хүргэе. 

Холбоотой мэдээ