Битүү хөнгөлгөөний аргыг туршиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн Ж.Батбилэг 2 өрхийн
40 гаруй хурганд битүү хөнгөлгөөний аргыг туршиж, ажиглалт хийж байна.
Монголчууд эрт дээр үеэс эхлэн хавар 5-р сар гаргаад өт
батганаас урьтан эр малыг биеийн болон бэлгийн бойжилтыг харгалзан үзэлгүйгээр
хөнгөлж ирсэн байдаг.
Энэ нь малыг жижиг биетэй давжаа болгон амьдын жинг
бууруулж, эр малаас авах мах, ноос, ноолуурын гарцыг багасгаж байгааг тэрээр
онцолсон.
Битүү аргаар хөнгөлж төмсөг, хэтийг нь үлдээж,
түүгээр био идэвхжүүлэгч хийх нь малыг
тарган лагс, хүчтэй, хурдтай болгодог нь судалгаагаар нотлогдож байгаа аж.
Тусгай зориулалтын бахиар эр малыг хөнгөлөх нь малчдын
одоогийн ашигладаг хөнгөлгөөний аргатай
харьцуулахад олон талын ач холбогдолтой байна.
Тухайлбал, битүү аргаар хөнгөлсөн төлийн амьдын жин задгай аргаар төмсгийг сугалж
хөнгөлсөн нэг хурганыхаас дунджаар 3,1-3,2 кг мах илүү өгч байгаа нь
судалгаагаар нотлогджээ.
Хөнгөлөлтийн технологийг зөв баримталсан үед хөнгөлгөөний
дараах 9 төрлийн хүндрэл ба үхэж хорогдох явдал гарахгүй, жилийн аль ч улирал,
цаг агаарын ямар ч нөхцөлд уг аргаар хөнгөлж болох учраас төлийг нилээд өсгөж
бэлгийн бойжилт гүйцсэний дараа хөнгөлж мах, ноосны гарцыг нэмэгдүүлэх бүрэн
боломжтой аж.
Ж.Батбилэг өөрөө хөнгөлгөөний бахь худалдан авч, энэ жил
40 гаруй хурганд туршсан ба тэдгээр хурганыхаа амьдын жинг бусад хурганыхтай
харьцуулан удахгүй үр дүнг тодорхойлон гаргана хэмээн тодрууллаа.