СЗХ криптовалюттай холбоотойгоор мэдэгдэл гаргаж анхаарууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-25 16:24:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Криптовалют, виртуал хөрөнгийн үйлчилгээ манай улсад эрхзүй байхгүй, хяналт зохицуулалтгүй байгааг СЗХ-ноос мэдэгдэн анхаарууллаа. Учир нь сүүлийн саруудад манай улсад койн гаргаж олон нийтээс хөрөнгө татах үйлчилгээ өргөн тархаж иргэд койн худалдан авах, хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байна. Төвлөрсөн бус системд суурилсан, дундын зуучлагчгүй бүтээгдэхүүн үйлчилгээ нь томоохон өөрчлөлтийг авчирч, хязгаарыг тэлж, санхүүгийн зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг бий болгох боломжтой. Гэвч хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгч нар өөрсдийн хөрөнгө мөнгөө алдах, залилан, луйвар, гэмт хэргийн хохирогч болох, цаашлаад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгт холбогдох аюултай талаар СЗХ-ноос удаа дараа анхааруулсаар ирсэн.

Тархмал бүртгэлийн системд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ нь дундын зуучлагчгүй хийдэг, суурь эрсдэл өндөртэй үйлчилгээ юм. Одоогийн байдлаар манай улсад криптовалют, виртуал хөрөнгийн үйлчилгээ хяналт, зохицуулалтгүй буюу СЗХ-ны зохицуулалтын цар хүрээнд хамааралгүй болно.  


СЗХ-ноос иргэдийг өндөр ашиг, үр өгөөж амласан зохицуулалтгүй криптовалют, биткойн, виртуал хөрөнгөтэй холбоотой аливаа үйл ажиллагаанаас болгоомжилж, өөрийгөө эрсдэлээс хамгаалахыг анхааруулж байна.



Дэлхий дахинаа томоохонд тооцогдог Бинанс криптовалютын биржийн талаар Англи, Япон, Герман, Канад, Итали, Хонгконгт анхааруулж, үйл ажиллагааг хориглосон. Түүнчлэн олон улсад виртуал хөрөнгийн үйлчилгээтэй холбоотой эрсдэлийн талаар Европын холбоо, АНУ, Англи, Австрали, Ирланд зэрэг оронд ард иргэдэд мэдэгдэж, дээрх төрлийн бүтээгдэхүүн урьдчилан таамаглах боломжгүй, үнийн савалгаа ихтэй, ямар нэг баталгаагүй талаар байнга анхааруулж, сэрэмжлүүлсээр байна.

Зохицуулагч байгууллагуудаас гадна ОУВС-гаас крипто хөрөнгө нь үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хөндөх, үнийн савалгаа, залилан, цахим халдлага зэргээс шалтгаалж, хөрөнгө мөнгөө алдах эрсдэлтэй тухай мэдэгдсэн.

СЗХ-ноос иргэдийг өндөр ашиг, үр өгөөж амласан зохицуулалтгүй криптовалют, биткойн, виртуал хөрөнгөтэй холбоотой аливаа үйл ажиллагаанаас болгоомжилж, өөрийгөө эрсдэлээс хамгаалахыг анхааруулж байна. Эдгээр үйл ажиллагаа нь төрийн хяналт, зохицуулалтгүй тул иргэд, олон нийт оруулсан хөрөнгөө алдах, хохирогч болох тохиолдолд үйлчлүүлэгч, хөрөнгө оруулагчдыг хамгаалах тогтолцоогүй бөгөөд эдгээр үйл ажиллагаанд хөрөнгө оруулсан тохиолдолд ирээдүйд учирч болзошгүй эрсдэл, хохирлыг иргэн өөрөө бүрэн хариуцахыг анхааруулж байна.


Холбоотой мэдээ