Төмөр замаар тээвэрлэсэн ачаа өмнөх оны мөн үеийнхээс 1.5 сая тонноор нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-26 14:05:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төмөр замаар энэ оны эхний 7 сард 18.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.5 (9.1 хувь) сая тонноор нэмэгджээ.


Төмөр замаар тээсэн ачаа нэмэгдэхэд дотоодод тээсэн ачаа 1.1 (18 хувь) сая тонн, импортын ачаа 305.5 (18.2 хувь) мянган тонноор нэмэгдсэн  нөлөөлөв. Төмөр замаар тээсэн ачаа энэ оны долоодугаар сард 2.5 сая тонн болж, өмнөх сарынхаас 73.1 (2.9 хувь) мянган тонноор багаслаа.


Төмөр замын тээврээр энэ оны эхний 7 сард тээсэн нийт ачаанд уул уурхайн бүтээгдэхүүн 81.9, барилгын материал 12.4, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн 1.1, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 0.8, хар төмөр 1.1, мод, модон материал 0.4, бусад бүтээгдэхүүн 2.5 хувийг эзэлжээ.


Энэ оны эхний 7 сард “Ковид-19” өвчнөөс үүдэн гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тул төмөр замаар зорчигч тээвэрлээгүй.


Төмөр замын тээврийн орлого энэ оны эхний 7 сард 459.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 22.9 (5.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Үүнд уул уурхайн бүтээгдэхүүн тухайлбал, нүүрс, жонш, жоншны баяжмал, барилгын материалын тээвэрлэлт, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин төмөр замын тээврийн орлого 2021 оны 7 дугаар сард 66.9 тэрбум болж, өмнөх сарынхаас 498.9 (0.7 хувь) сая төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн юм. 

Холбоотой мэдээ