Борооны улмаас хашаа, байшинд тогтоол ус орсон тухай 83 дуудлага бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-08-27 12:53:45

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нийт нутгаар энэ сарын 26-ны өдрөөс хойш 5-29 мм хүртэл бороос орсон тухай өмнө нь мэдээлсэн.

Үргэлжлэн орсон борооны улмаас хашаанд их хэмжээний ус хуримтлагдсан, байшингийн дээврээс ус гоожсон зэрэг 83 дуудлага онцгой байдлын байгууллагад ирээд байгаа ажээ.

"Өглөөний 07:00 цагаас хойш иргэдийн хашаанд нь ус тогтсон, гэр лүү нь ус орсон зэрэг 83 дуудлага ирээд байна. ОБГ-ын нийт алба хаагчид одоо бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байгаа. Уулархаг газарт машин нь цасанд суусан гэсэн дуудлага Цэнгэл суманд бүртгэгдсэн. Дуудлагын дагуу алба хаагчид очиж холбогдох арга хэмжээг авсан байгаа. Одоогоор аймгийн хэмжээнд үер буусан тохиолдол байхгүй байна" гэсэн мэдээллийг аймгийн ОБГ-аас өгөв. 

Түүнчлэн бага насны 3 хүүхдээ гэртээ хараа хяналтгүй орхисоны дараа гэр нь усанд автсан явдал Цэнгэл суманд гарсан байна. Тус сумын мэргэжлийн анги тухайн гэрт очиж хүүхдүүдийг аюулгүй газарт хүргэжээ.

Иймд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг гэртээ хараа хяналтгүй орхихгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна. 



Холбоотой мэдээ