Хилчид албаны шинэ байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-08-30 11:05:12

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь хилийн 0165 дугаар ангийн 0147 дугаар салбар албаны шинэ байртай боллоо.

Алтай суманд байрлалтай тус салбарын шинэ байрны нээлтийг энэ сарын 29-ний өдөр хийв. Нээлтийн ажиллагаанд хилийн 0165 дугаар ангийн захирагч, хурандаа Р.Эрдэнэтогтох, Алтай сумын ИТХ-ын дарга Ж.Шайзада, Засаг дарга А.Асет нар болон хилчид оролцлоо.

Албаны 2 давхар барилгыг барихад Хил хамгаалах ерөнхий газраас санхүүгийн дэмжлэг үзүүлж, ангийн Барилга, орон сууцны алба өөрсдөө барин ашиглалтад оруулсан аж. Тус байр нь соёл хүмүүжлийн танхим, гал тогоо, цэргүүдийн амрах байр, хурлын танхим, ариун цэврийн өрөө, хилчдийн ажлын өрөөнөөс бүрдэх бөгөөд цэвэр, бохир усны асуудлыг давхар шийдсэнээрээ онцлогтой болжээ.

"Монгол Улсын баатар Д.Намнангийн нэрэмжит Цэргийн гавьяаны одонт хилийн 0165 дугаар ангийн салбарт 2 давхар цэргийн байр барьж ашиглалтад оруулж байна. Энэ байрыг барихад дэмжлэг үзүүлсэн хил хамгаалах байгууллагын удирдлагууд болон аймаг, орон нутгийн удирдлагуудад баярлан талархсанаа илэрхийлье. Байрыг ашиглалтад оруулснаар хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа хугацаат цэргийн алба хаагч нар болон үндсэн бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх чадвар, чадамж нэмэгдэж байна" гэдгийг ангийн захирагч, хурандаа Р.Эрдэнэтогтох хэлэв.

Хил хамгаалах байгууллагаас 2021 онд хилчдийн хөгжлийн орчинг сайжруулж, хил хамгаалалтын үр дүнг дээшлүүлэх зорилт тавьжээ. Тухайн зорилтын хүрээнд хилийн 0165 дугаар анги Толбо нуурын эрэгт "Хилчин" амралт, сургалтын хотхон байгуулсан байна. Мөн 2 заставын байр, 1 харуулын байранд засвар, тохижилтын ажил хийжээ. Цаашид хил дээр ажиллаж байгаа хилчдэд зориулж орон сууц барих, бусад нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн ажлуудыг үе шаттай хийхээр  төлөвлөж байгаа гэдгийг тэрээр онцоллоо.   






Холбоотой мэдээ