“Zhurong” Ангараг дээр 100 хоног судалгаа хийжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2021-08-31 17:07:59

БЭЭЖИН. /China Daily/. Ангараг гаргийг судлах Хятадын “Zhurong” явагч төхөөрөмж Улаан нүдэн гаргийн гадаргуу дээр тавдугаар сарын 22-нд газардсанаасаа хойш 100 хоног судалгаа хийлээ гэж тус улсын Сансар судлалын үндэсний газраас /CNSA/ даваа гарагт мэдээлжээ.


Энэхүү төхөөрөмж нь Хятадын “Tianwen-1” сансрын аппаратын бүрэлдэхүүн бөгөөд үүнд мөн тойрог замын нислэгийн аппарат, газардагч төхөөрөмж багтаж байгаа юм. “Tianwen-1” Хайнань мужийн сансрын буудлаас 2020 оны долоодугаар сарын 23-нд хөөрсөн билээ.


Сансар судлалын үндэсний газраас мэдээлснээр, “Zhurong” даваа гаргийн байдлаар Ангарагийн гадаргуу дээр 1064 метр аялжээ. Мөн тойрог замын нислэгийн аппарат 403 өдрийн турш тойрог замд байгаа бөгөөд хоёулангийнх нь үйл ажиллагаа хэвийн байгаа ажээ.


Ирэх есдүгээр сарын дунд үеэс эцэс хүртэл Нар Дэлхий, Ангарагтай нэг шугаманд зэрэгцсэнээр нарны цацраг төхөөрөмжүүд болон дэлхий дэх станцууд хоорондын харилцаа холбоонд нөлөөлөх төлөвтэй байгаа тул хоёр аппарат завсарлага авч, үйл ажиллагаагаа түр зогсооно гэж “CNSA” мэдээлжээ. 

Холбоотой мэдээ