Дундговь аймгийн “Агар брэнд”

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-09-09 16:37:37
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Уламжлалт модон саалийн хувин, сөн, усны сав үйлдвэрлэж буй “Агар брэнд”-ийг Дундговь аймагт мэдэхгүй хүн ховор. "ТЭББЭ" ХХК гэхээс илүү мужаан С.Бат-Эрдэнэ, түүний хүү Буянт нарыг тэдний үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнээр нь илүүтэй таних.  

Монголчууд эртнээс нүүдлийн ая дан даах бат бөх, хөнгөн авсаархан, элэгдэхгүй малын ашиг шим болох сүү, цагаан идээг муутгахгүй хадгалахын тулд сав суулга, ундны усны сав, аяга зэргийг модоор хийж ашиглаж ирсэн баялаг уламжлалтай.

Сүүлийн жилүүдэд энэ уламжлал мартагдаж, малчид ихэвчлэн хуванцар савыг ашиглах болсон нь өнөөдөр нэлээд шүүмжлэл дагуулж, хуванцар савнаас татгалзах хандлагатай болж байна.

"ТЭББЭ" ХХК 2014 оноос эхлэн хүний биед хор нөлөөгүй, ус, сүү, айраг, цагаан идээ хийхэд тохиромжтой саалийн, сөнгийн, усны гээд 5-6 төрлийн бүтээгдэхүүнийг нарс модоор том, жижиг, дунд хэмжээтэй үйлдвэрлэж, бүтээгдэхүүнүүд нь аймагтаа төдийгүй, зэргэлдээх аймагт ч “брэнд” болж байна.

Жилдээ 2500-3000 орчим бүтээгдэхүүн хэрэглэгчиддээ хүрч, энэ тоогоор хуванцар савны хэрэглээ буурч байгаа  төдийгүй уламжлалт ёс уламжлалаа сэргээж буй нь тус үйлдвэрийн нийгэмд оруулж буй асар том үр нөлөө юм.  

“Агар брэнд”-ийг Улаанбаатар болон Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай аймгууд хэдийнээ захиалан авдаг болжээ. Дундговь аймгийн ЗДТГ болон сумдын ЗДТГ-аас жил бүр амжилт гаргасан малчдадаа “Агар брэнд”-ийн саалийн хувинг бэлэглэдэг уламжлалтай болсон бөгөөд энэ нь нутгийнхаа брэндийг таниулж, орон нутгийнхаа үйлдвэрлэлийг дэмжиж байгаа үйл явц ажээ.

Модоор эдийн зүйл урлахын үндэс нь хатаалга байдаг. Тус үйлдвэр нь бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхдээ цавуу, будаг, лак ашиглалгүй шахаж хийдэг тул хагсдаггүй, хүний биед  хор нөлөөгүй байдаг онцлогтой юм.

Эдний хувингууд энгийн, мөнгө, зэс, гуулин бүслүүрэн гоёлтой гээд олон янз, гоёл чимэглэл, хэмжээнээсээ хамааран янз бүрийн үнэтэй байдаг ажээ. Тухайлбал: Сөнгийн хувин багтаамжаасаа хамааран 250.000-500.000, 6 литрийн багтаамжтай саалийн хувин 90.000, 60-70 литрийн багтаамжтай усны сав 290.000 төгрөгийн үнэтэй. Мөн цацлын хувин ч хийдэг ба энэ нь 70 000 төгрөгөөр зах зээлд борлуулдаг. 

Холбоотой мэдээ