Сато Наоки: Орон бүхний тамирчинд эх орных нь түүх соёл, уламжлал бодогдох аялгуу эгшиглэвэл сайхан биз

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-09-10 10:12:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” зуны олимпын XXXII наадам, паралимпын XVI наадмын шагнал гардуулах ёслол болон нээлт, хаалтын ёслолын үеэр Олимпик үндэсний цэнгэлдэх хүрээлэнд эгшиглэсэн тэнгэрлэг аялгууг Японы Чиба мужийн уугуул, алдарт хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч Сато Наоки зохиосон юм.


Япон улсын 2005, 2007, 2014, 2016, 2021 оны “Japan Academy Film Prize” хэмээх  хөгжмийн зохиолын шилдэг шагналтай Сато Наоки нь маш олон кино, хүүхэлдэйн кино, Эн Эйч Кэй болон бусад телевизийн цуврал бүтээл, реклам зар сурталчилгаа, цахим тоглоомын гээд хөгжмийн янз бүрийн олон төрөл жанраар ажилладаг уран бүтээлч юм.



Тэрбээр Японы “Токио-2020” олимпын наадмын албан ёсны мэдээллийн санд ярилцлага өгсөн билээ.


Сато Наоки энэхүү ярилцлагадаа…”Паралимпын энэ удаагийн ёслолын аялгуунуудыг бичих санал авахдаа үнэндээ итгээгүй. Миний хувьд спортыг гол агуулга болгож хөгжим бичиж үзээгүй байсан учир гайхаж, баярлаж, бас догдолж хүлээж авсан. Энэ бол надад шинэ сорилт, шинэ эрч хүчийг өгсөн ажил байлаа. Ингээд ажлаа өмнөх олимпын наадмуудын ёслолын хөгжмүүдийг, бүгдийг нь сонсож, судлахаас эхэлсэн.


Олимпын наадам зохион байгуулж байгаа улс орон болгон өөрийн онцлогийг харуулсан бас тэр цар хүрээ, хэмжээгээр янз бүрийн үндэсний хөгжмийн зэмсэг хэрэглэсэн, гүн гүнзгий утга агуулгатай байлаа.


Гэвч энэ удаагийн “Токио-2020” олимпын наадмын ёслолын хөгжимд би япон гэсэн утга санааг дан ганц оруулаагүй. Харин орон бүхний тамирчид сонсоод, өөр өөрийн улс орны түүх соёл, уламжлал нь шууд бодогдохоор, эх орон нь нүдэнд харагдаж, сэтгэлд нь бууж байхаар төсөөлж зохиосон юм. Тийм болохоор хамгийн сайн уламжлалыг харуулж чадсан бүтээл болсон болов уу гэж бодож байна. Хүн төрөлхтний олимпын наадмын ёслол бол дэлхийн шилдэг тамирчдын өөрсдийнх нь зүйл, тэдний л юм болохоор ганцхан Япон улсын гэдэг бодол надад бодогдохгүй байлаа. Та бодоод, тунгаагаад үз л дээ. Алтан медаль зүүх гээд индэр рүү алхах үед Японы үндэсний хөгжмийн аялгуу эгшиглэвэл ямар байх вэ?



Мэдээж, өөрийн эх орноо нүд, сэтгэлдээ харж, төсөөлж болохуйц аялгуу эгшиглэвэл сайхан биз дээ. Залгуулаад өөрийн улсынхаа төрийн дууллаа сонсох бол тамирчин хүнд бүр ч сайхан гэж бодож байна. Ийм л төсөөлөл надад байсан.


Ингээд миний бичсэн хөгжмийг сонссон хүн бүр ялангуяа олимпын уралдаан тэмцээнд оролцсон орон орны шилдэг тамирчид, хүнд бэрхшээл зовлонг туулж, тэвчээр хатуужил, итгэл найдварыг дэлхийд түгээсэн паралимпын тамирчид та бүхэнд халуун сэтгэлээсээ баярлаж байна ”Аригато” хэмээн онцлон ярьжээ.


Сато Наоки уран бүтээлчийн бичсэн олимпын наадмын ёслолын хөгжим орон бүхний тамирчин бүгдийн сэтгэлд одоо ч эгшиглэж байгаа биз ээ.



Токио хот. Найдангийн Базарсүрэн


/”Токио-2020” зуны паралимпын XVI наадам сурвалжилсан Монголын багийн гишүүн/



Холбоотой мэдээ