Дакка хотод халдлага үйлдсэнийг НҮБ-ын тэргүүн эрс буруушаалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-07-03 13:13:26

ДАККА. /Xinhua/. Бангладешийн нийслэл Дакка хотын нэгэн кафед зэвсэгт этгээдүүд олон хүнийг барьцаалж, 20 хүнийг хөнөөснийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн эрс буруушаалаа.

Бан Ги Мүний нэрийн өмнөөс түүний хэвлэлийн төлөөлөгч өчигдөр орой мэдэгдэл хийжээ.

Уг мэдэгдэлд “олон хүний аминд хүрсэн террорист халдлага үйлдсэнийг НҮБ-ын тэргүүн эрс буруушааж, хохирогчдын ар гэрийнхэн, Бангладешийн засгийн газар болон ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байна” гэжээ.

Мөн уг мэдэгдэлд “энэ халдлагын ард байгаа этгээдүүдийг олж тогтоож, зохих ял шийтгэлийг нь оноох хэрэгтэй” гэсэн байна.

Түүнчлэн терроризмтой тэмцэхийн тулд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх хэрэгтэй гэж НҮБ-ын тэргүүн онцлон тэмдэглэжээ.

Баасан гарагийн орой Дакка хотын нэгэн кафе руу зэвсэгт этгээдүүд дайран орж, гадаадын иргэд болон тус кафе-н ажилчдыг барьцаалсан юм. Аюулаас хамгаалах хүчнийхэн 10 гаруй цагийн дараа тус кафе руу нэвтэрснээр буудалцаан болсон билээ.

Бангладешийн Засгийн газар мэдэгдэхдээ "аюулаас хамгаалах хүчнийхэн 13 хүнийг аварч чадлаа. Хэргийн газраас 20 хүний цогцос олдсон" гэж мэдэгдсэн юм.

Амь үрэгдэгсдийн олонх нь гадаадын иргэд ажээ. Тэдний 9 нь Италийн, 7 нь Японы иргэн гэнэ. Мөн Америк болон Энэтхэгийн тус бүр нэг иргэн амь үрэгджээ.

Цагдаа нар зэвсэгт этгээдүүдийн 6-г нь устгаж, 1-ийг нь баривчилжээ.

"Лалын улс" бүлэглэлийн Бангладеш дахь жигүүр гэж өөрийгөө зарласан нэгэн бүлэглэл уг халдлагын хариуцлагыг өөртөө хүлээжээ. Зэвсэгт этгээдүүд бүгд Бангладешийн иргэд гэсэн мэдээлэл байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ