Эрдэмтэд өнгөө хувиргадаг хиймэл арьс бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2021-09-13 16:00:48

ЛОНДОН. /Nature Communications/. Сөүлийн үндэсний их сургуулийн эрдэмтэд хүрээлэн буй орчиндоо зохицон өнгөө хувиргадаг материал бүтээжээ.


Бодитоор үзүүлэх зорилгоор эрдэмтэд робот хамелеон бүтээж, хуванцраар хийсэн их биеийг нь өнгөлөн далдлах материалаараа бүржээ. Хиймэл арьс нь шингэн болор давхаргаас бүрдэх бөгөөд температураас хамаарч өнгөө өөрчилдөг гэнэ. Түүнчлэн мөнгөн нано утсаар хийсэн, халаах элемент бүхий хэд хэдэн давхаргатай ажээ. Материалын зузаан нь хүний ​​үснээс нимгэн аж.


Робот хөдлөх үед тусгай мэдрэгчүүд хүрээлэн буй орчинд дүн шинжилгээ хийх бөгөөд мэдрэгчүүдээс хүлээн авсан мэдээллийг микропроцессор руу дамжуулсны дараа нано утасны сүлжээ шингэн талстыг халааж, тухайн орчиндоо зохицсон өнгөөр хувирдаг байна. 


Сүүлийн үед орчиндоо зохицон өнгөлөн далдлах технологийг сонирхох хандлага нэмэгдэж байгаа тул энэхүү материал нь цэргийн салбарт болон ан хийх хувцас үйлдвэрлэхэд хэрэг болно гэж судлаачид хэлжээ. 

Холбоотой мэдээ