Л.Оюун-Эрдэнэ: Төр бүх зүйлийг хийнэ гэдэг үзэл баримтлалаас татгалзана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ТОДРУУЛГА
ariunbold@montsame.gov.mn
2021-09-13 16:57:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн удирдлага, хөрөнгө оруулагчид өнөөдөр “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдвийн хүрээнд зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариулав.


-Цар тахлын үед эдийн засгийг сэргээхэд вакцинжуулалтыг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалт татах нь чухал гэдгийг та өмнө нь хэлж байсан. Засгийн газраас бизнес эрхлэгчдийг дэмжих, хөрөнгө оруулалтыг татах ямар бодлого хэрэгжүүлэх вэ?


-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар улсын төсөв батлахаас өмнө хувийн хэвшил, хөрөнгө оруулагчидтайгаа ирэх оны бодлогоо ярилцлаа. Улс орнууд цар тахлын үед эдийн засгийг сэргээх, тахлын дараах нөхцөл байдлыг угтсан томоохон бодлого, хөтөлбөр зарлаж эхэлж байна. Хүн амынхаа 60 хувийг вакцинжуулсан улс орнууд энэхүү бодлогоо эхэлж зарлах төлөвлтэй байгаа. Монгол Улсад вакцинжуулалт бусад улс орноос 6-8 сараар түрүүлж явж байна. Мөн гурав дахь тунг хийж эхлээд байгаа. Тиймээс эдийн засгаа сэргээх, цар тахлын дараах эдийн засагт бэлтгэхэд өнөөдрийн уулзалт чиглэлээ. Нэгдүгээрт, цар тахал өөрөө удаашруулагч процесс учраас эрх зүйн орчныг хялбарчлах, хурдасгах хуулийн төсөл боловсруулахаар ажиллана. Энэ бол шинэ сэргэлтийн бодлогын онцлох зүйл. Хоёрдугаарт, 2022 оны төсвийг хувийн хэвшилд дэд бүтэц болон бусад асуудлыг нь шийдвэрлэхэд зориулна. Мөн төр бүх зүйлийг өөрөө хийх биш хувийн хэвшлийн хийж чадах ажлыг нь тэднээр гүйцэтгүүлж, төр зардлаа хэмнэнэ. Урсгал зардлаа хэмнэж, хөрөнгө оруулалтад нэмнэ. Ингээд бид донор байгууллагууд болон хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж, экспортоо нэмэх юм. Түүнчлэл дэд бүтцийн төслүүдийг дотор нь эрэмбэлнэ. Жишээлбэл, авто зам тавихдаа боомтуудаас эхэлнэ. Тэр дундаа экспортын гол бүтээгдэхүүн гаргадаг боомтуудад эхэлж тавьдаг болох зэргийг ярилцаж байгаа. Улаанбаатар хотын хувьд түгжрэлтэй холбоотой асуудал, иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах зэрэг өнөөдөр тулгамдаж байгаа асуудлыг зөвхөн төр засаг шийдэх биш хувийн хэвшлийг оролцуулах, тэдний хүсэж буй орныг бүрдүүлэхэд хөрөнгө оруулалт хийх талаар ярилцсанаараа чухал ач холбогдолтой. Төр бол эдийн засгийн нэг л тоглогч. Тийм учраас төсөв бол бүх зүйлийг шийдэгч огт биш. Монгол Улсын эдийн засагт 50 орчим их наяд төгрөг эргэлддэг ч цар тахлын улмаас 36 болж агшсан. Цаашид үүнийг хэрхэн 2 дахин нэмэх вэ гэдэг рүү бид явна. Түүнчлэн халамжаас хөдөлмөрт шилжих процесс руу орно. Үүнийг ҮАБЗ-ын дарга, хууль тогтоох дээд байгууллагын удирдлага дэмжиж, хувийн хэвшлийнхэнтэй хамт ярилцсан нь Засгийн газрын хувьд итгэл төрүүлсэн уулзалт боллоо.


-Бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Уулзалт үр дүнгээ хэзээ өгөх вэ?


-Бид хэд хэдэн зүйлийг зайлшгүй шийдэх ёстой болж байна. Нэгдүгээрт, цахим шилжилтийг хийж дуусгах ёстой. Хүнээс хамаарал багатай, авлигал, хүнд сурталгүй, цомхон, чадварлаг төрийг бий болгоход анхаарч ажиллах шаардлагатай. Энэ хүрээнд авлигын эсрэг хороо байгуулж, авлигалын индексийг хоёр оронтой тоо руу оруулахыг зорьж байна. Ингэснээр төрийн хүнд суртал багасан цахимжиж, төрийн өмчит үйлдвэрийн газруудын засаглал сайжирч, газрын харилцаа болон уул уурхайн линцензтэй холбоотой процесс хялбаршина гэсэн үг. Тиймээс энэ асуудлыг бид багцаар нь авч үзнэ. Хоёр дахь багц асуудал бол төр өөрөө бүх зүйлийг мэдэж хийнэ гэдэг үзэл баримтлалаас татгалзаж, аль болох ашигтай төслүүдийг хувийн хэвшилд өгнө. Харин ашиг багатай ч улс оронд туйлын чухал ажилд л төр оролцдог болно. Ингэхдээ хувийн хэвшлийг сэдэлжүүлэх байдлаар оролцох хэрэгтэй. Тухайлбал, Хөшгийн хөндийг хөгжүүлснээр Улаанбаатар хотын түгжрэл буурах бол төр зөвхөн дэд бүтцийг нь тавьж, хувийн хэвшил тэнд хөрөнгө оруулах таатай орчныг бүрдүүлнэ. Энэ мэтээр суурь реформуудаа энэ намартаа багтааж хийнэ гэдэг агуулгаар ажиллаж байна. Ерөнхийлөгч, УИХ-аас Засгийн газрын энэ бодлогыг дэмжинэ гэдэг нь туйлын чухал. Энэ дээр донор байгууллагууд, хувийн хэвшлийнхэн нэгдмэл байр суурьтай байж чадвал ямар ч зүйлийг богино хугацаанд хийх боломжтой. Нэг үгээр хэлбэл, төр авлигал, хүнд суралтай тэмцэх эрхзүйн орчинг бүрдүүлээд явна. Тухайлбал, “шүгэл үлээгч”-ийн хуулийн эрх зүйн орчин бүрдэнэ. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйг дэмжсэн эрх зүйн орчин бүрдэнэ гэсэн үг. Ингэж чадвал төр хүн сурталтай, удаашруулдаг бус хурдтай дэмждэг болж хувирна.


-Хөрөнгө оруулалт нэмэгдэхээр Засгийн газрын өр төлбөр өсдөг. Одоо хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмнэ гэж төлөвлөж байна вэ?


-Өрийн хэмжээ ДНБ-ийн 60 хувтай тэнцэх хязгаартай. Энэ хязгаарт хүрэхэд 1.2 их наяд төгрөг л үлдсэн. Тэгэхээр хөрөнгө оруулалтаа нэмэх гуравхан боломж үлдэж байгаа. Нэгдүгээрт, эдийн засгаа тэлэх. Эдийн засгаа тэлэх тусам өрийн хязгаар асуудал биш болж хувирна. Хоёрдугаарт, аль болох урсгал зардал багатай, мөнгө олох бүтээн байгуулалт руу улсын төсвийн хөрөнгө оруулалтыг чиглүүлнэ. Гуравдугаарт, халамжийн бодлогоос үе шаттай татгалзах. Жилийн улсын төсөвт шинэ хөрөнгө оруулалт 300 тэрбум төгрөг л байдаг. Үүнийг хэмнэж, хэрхэн 1.3-1.5 их наядын хөрөнгө оруулалтыг дэмждэг болгох вэ. Өөрөөр хэлбэл, 1 төгрөг зарцуулаад 10 төгрөгийг сэдэлжүүлж, хувийн хэвшил болон хөрөнгө оруулагчдаас авдаг болвол бид нийслэлийн түгжрэлээс эхлээд олон асуудлаа шийдэж чадна. Харин төр бүгдийг шийдэх гэж зүтгэн, хувийн хэвшилтэйгээ нийлэхгүй бол бид цаг алдана гэсэн үг. Үүний өмнө МҮХАҮТ-д хувийн хэвшлийнхэнтэй уулзаж, өнгөрсөн хугацааны алдаа, оноогоо ярилцсан. Хууль хяналтын байгууллагынхантай ч уулзаж ярилцсан зүйлс бий. Гадаадын донор байгууллагын удирдлагуудтай уулзаж, Ерөнхий сайдын хувьд зарим нэг зүйл дээр уучлалт гуйсан. Тэгэхээр бид шинэ 30 жилийг эхлүүлж байгаа гэдэг агуулгаараа шинэ эрхзүйн орчин, хамтын ажиллагааны соёлыг бүрдүүлэх ёстой. Цар тахал хүнд байгаа. Гэхдээ өнөөдөр үүнд автаад ухрах бус дараах эдийн засагт нь бэлтгэхэд иргэн, аж ахуйн нэгж, төр хамт байна гэдэг нь тахлыг даван туулах том итгэл үнэмшил юм.


-Засгийн газар цаашдаа тогтвортой ажиллаж чадах уу?


-Тогтвортой байна гэдгийг Ерөнхийлөгч, УИХ-ын дарга бид гурав санал нэгтгэйгээр өнөөдөр хэлсэн. Ер нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газар тогтвортой байх эрх зүйн үндэс хангагдсан. Тиймээс аль болох бүтээн байгуулалтад анхаарлаа хандуулж, хөгжил ярьдаг соёл руу орох ёстой.


-ОХУ экспортын шатахууныхаа 50 хувьд хязгаарлалт тогтоолоо. Энэ нь ОХУ-аас “Богдхан” төмөр замд оролцох эсэхтэй холбоотой юу?


-Бид ОХУ-ын Засгийн газар, Элчин сайдтай нь байнгын холбоотой байгаа. Энэ төмөр зам нийслэлийн түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй бөгөөд хөрөнгө оруулалтад хамт ярилцаад явна. Энэ дээр ямар нэгэн байдлаар маргаантай асуудал болоогүй.


-Шатахууны нөөц бүрдүүлэхэд Засгийн газар хэрхэн анхаарч байна вэ?


-Цар тахал зарим нэг бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэж байгаа. Жишээлбэл, алт, зэс, төмрийн хүдрийн үнэ өндөр байна гэдэг худалдаж байгаа бидэнд сайн ч гэсэн худалдан авч байгаа талд хүндрэлтэй. Шатахууны үнэ өндөр байна гэдэг нь мөн адил. Тиймээс цар тахлын үеийн тээврийн асуудал шийдэгдэж, вакцинжуулалт бүх улсад 60 хувьд хүрсний дараа тодорхой шийдэл гарна. Бидний хувьд Эрсдлийн сан үүсгэхээр болж байгаа. Эрсдлийн сан үүсгээд шатахуун дээр хүндрэл үүсвэл Засгийн газар оролцох асуудлыг хуулийн хүрээнд ярьж байгаа. Ер нь бол зах зээлд зохицуулалт хийх гэж оролдох тусам төр том зардлын ачаалал авдаг. Тэр нь ирээдүйд хүндрэл болдог. Тухайлбал, цахилгаан, тээврийн тариф бүгд төрийн зохицуулалтаар өнөөдрийг хүртэл явнаар аль нь ч хөгжөөгүй. Тиймээс зах зээлийн жам ёсны урсгалд хөндлөнгөөс оролцоход тухайн цаг үедээ зохицуулж байгаа мэт харагддаг ч том агуулгаараа дандаа алдаж байдаг гэдгийг хаа хаанаа ойлгож, олон талаас нь ярилцах нь чухал.

Холбоотой мэдээ