"Хангай-21" дадлага сургууль өнөөдөр эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-09-14 22:16:53

Архангай /МОНЦАМЭ/. ОБЕГ, Архангай аймгийн ЗДТГ, Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны цэргийн алба, иргэн цэргийн харилцааг дэмжих нэгжтэй хамтран газар хөдлөлтийн үеийн аюулгүй ажиллагаа, гамшгийг бууруулах сэдэвт “Хангай 21” сургалтыг Цэцэрлэг хотноо зохион байгуулж байна. 

Онцгой байдлын болон бусад байгууллагын алба хаагчид короновирустэй тэмцэхэд шат шатандаа ажиллаж байгаа ч бусад аюул тохиолдсон үед алба хаагчдын бэлтгэл бэлэн байдал, ур чадварыг ахиулахыг чухалчилж байгаа аж. 

ОБЕГ-аас “Говийн чоно” олон улсын сургалт дадлагыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Өнгөрсөн жил ковидын нөхцөл байдлаас шалтгаалж хойшлуулсан энэ удаагийн сургалтын онцлог нь:  

-Өмнө нь гадаадын улс орнууд оролцдог том үйл ажиллагаа байсан бол энэ удаа зөвхөн АНУ, Монгол хоёр тал оролцоно. 

-Оролцогчдын тоог багасгасан. 

-Сургалтын хөтөлбөрийг цомхон болгосон. Техникийн сургалтад илүү анхаарна. 

-Газар хөдлөлтийн нөхцөл байдалтай уялдуулан Онцгой байдлын алба хаагчид, ялангуяа техникийн ажилчдад аврах ажиллагааны сургалтыг түлхүү оруулж байгаа аж.

Сургалтын нээлт өнөөдөр боллоо. Давчуу орон зайн сургалт, аврах ажиллагаа, эмнэлгийн сургалт эхэлж байна. Энэ сургалтад Архангай аймгийн Онцгой байдлын алба хаагчдаас гадна Булган, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл, Завхан аймгийн ахлагч нар ирж оролцож байна.

Мөн Архангай аймгийн эмнэлгийн ажилтнуудад хээрийн нөхцөлд, тэр тусмаа газар хөдлөлт болсон үед нэрвэгдсэн хүмүүсийг яаж эмчлэх, хээрийн эмнэлгийг хэрхэн зохион байгуулах гэхчлэн нарийн мэргэжлийн туршлагаа хуваалцах ажээ.


Холбоотой мэдээ