Б.Лхагвасүрэн: Эдийн засаг цар тахлын өмнөх үеийн түвшинд хүрч сэргэх хүлээлттэй байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
oyundelger@montsame.gov.mn
2021-09-16 15:58:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өнөөдрийн ээлжит хурлаар, бодлогын хүүг 6 хувьд хадгалах, урт хугацаат репо санхүүжилтийг энэ оны 4 дүгээр улиралд 100 хүртэлх тэрбум төгрөгөөр тогтоох шийдвэр гаргажээ.


Тус банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ, Монгол Улсын хүн амын 65 хувь нь вакцинд хамрагдаад байгаа ч тархалт багасахгүй байгаа. Энэ хүнд үед төв банкны мөнгөний бодлого нь дунд хугацааны үнийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийг сэргээхэд чиглэж ирснийг дурдаад инфляцыг богино хугацаанд нийлүүлэлтийн хүчин зүйлсэд тулгуурлан тайлбарлав.


Инфляц энэ оны 8 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 8.9, нийслэлд 9.1 хувьд хүрч нэмэгдсэн байна. Үнийн өсөлтөд эдийн засгийн сэргэлтээс гадна дийлэнхийг нь суурь үнэ, нэг удаагийн нийлүүлэлт нөлөөлжээ. Жишээлбэл хэрэглээний сагсны 19 хувийг бүрдүүлдэг шатахуун, мах, сайжруулсан түлшний үнэ нийт инфляцын 45 хувийг бүрдүүлдэг. Гадаад, дотоод хүчин зүйл, нэг удаагийн шинжтэй хүчин зүйлийн нөлөөгөөр ийнхүү нэмэгдэж байгаа ч 2022 онд төв банкны зорилтот түвшинд тогтоно гэж таамаглаж байна.


Дэлхийн зах зээл дээрх хүнс, шатахууны үнэ нэмэгдэх, дотоод зах зээлийн нийлүүлэлтийн шалтгаанаас инфляц өсөж байгааг төв банк тайлбарласаар байгаа.


Мөнгөний бодлогын хорооны зургадугаар сард болсон хурлаас энэ оны мөнгөний бодлогын өсөлтийг 6-гаас давна гэж төсөөлжээ. Энэ удаад өсөлтөө багасган тооцсоны шалтгаан нь ҮСХ нь ДНБ-ийг тооцдог аргачлалаа шинэчилсэнтэй холбоотой аж. Хилийн хязгаарлалт, цар тахлын нөлөөгөөр эдийн засгийн идэвхжил саарч, өсөлт 2-р улиралд багассан ч энэ оны сүүлээр эдийн засаг цар тахлын өмнөх үе буюу 2019 оны түвшинд хүрч сэргэх хүлээлттэй байгааг Монголбанкны Ерөнхийлөгч онцоллоо.


Эдийн засгийн өслтийн цаашдын төлвийг гол салбараар авч үзвэл уул уурхайн салбар оны хоёрдугаар улиралд саарсан хандлага оны сүүлийн хагаст үргэлжилж, үлдсэн хугацаанд нийт өсөлтөд дэмжлэг үзүүлэхээргүй байна. Энэ нь хилийн боомтоор экспортын бүтээгдэхүүнийг гаргаж чадахгүй байгаатай холбоотойг тэрбээр тайлбарлав. Уул уурхай экспорт зогсонги байгаа ч уул уурхайн бус салбар өсөж гарахаар байна. Уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл багасаж байсан нь 2022 оноос өсөхийг төсөөлжээ.


Монголбанкнаас 2020-2021 онд мөнгөний бодлого, банкны зохистой бодлого, санхүүгийн зохицуулалт хийснээр энэ онд хоёр, гуравдугаар сараас эхлэн 10 их наяд төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэр гаргаж байгаа. Одоогоор, гурван хувийн хүүтэй зээл нэг их наяд 850 тэрбум, ипотекийн зээл 710 тэрбум, репо санхүүжилт 700 гаруй тэрбум төгрөгт хүрсэн байна.

Банкны зээл 2020 онд 7 хувийн бууралттай байсан бол зээлжилт хэвийн байдалд хүрч, энэ оны эхнээс 12.3 хувиар өслөө. Шинээр олгосон зээлийн дундаж хүү 7 сарын байдлаар 12.8 хувь болж, 1 дүгээр сарын түвшнээс 2.4 нэгж хувиар багассан нь сүүлийн жилд зээлийн хүү буурсны жишээ аж.


Улс орнуудад вакцинжуулалт эрчимжиж байгаа нь эдийн засаг огцом сэргэх нөхцөл бүрдүүлж байгааг төв банкны Ерөнхийлөгч дурдлаа. Дэлхийн эдийн засгийн сэргэлт түүхий эдийн үнийн өсөлтийн нөлөөгөөр манай улсын экспортын орлого сайжирч байгаа. Энэ оны 7 сарын байдлаар экспортын үнэ жилийн 34.6, импортын үнэ 18.6 хувиар өсөж, гадаад худалдааны нөхцөл жилийн 13.6 хувиар сайжрахад нөлөөллөө. Алт зэс, төмрийн хүдэр, нүүрс гээд түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд өссөн нь манай экспортын орлогыг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлжээ.


Дотоодын эдийн засгийн идэвхжил, уул уурхайн төсөл, дэд бүтцийн бүтээн байгуулалт, газрын тосны үнэ зэргээс үүдэн импорт энэ оны 7 сард өссөн нь цар тахлын дараах Монголын эдийн засагт гарч буй томоохон өөрчлөлт. Импорт сэргэж байгаа нь эдийн засаг сэргэх хүлээлт, мөн импортын бараа бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд өссөнийг давхар нотолж байгааг тэрбээр тэмдэглэлээ.


Түүнчлэн, өнгөрсөн онд ашигтай гарч байсан төлбөрийн тэнцлийг энэ онд 500 сая долларын ашигтай гарна гэж төсөөлж байсан. Харин 9 сарын байдлаар импортын орц өсөн, үнэ нэмэгдсэн, хилийн хорио цээрээс болоод экспорт гарч чадахгүйгээс худалдааны тэнцэл ашиггүй, мөн урсгал тэнцэл алдагдал их байгаа зэрэг нь төлбөрийн тэнцлийг одоогоор 300 сая ам.долларын алдагдалтай болгож байгаа аж.


Гэхдээ манай улсын валютын нөөц 4.3 тэрбум доллартай тэнцэх хэмжээний буюу найм, есөн сарын импортыг орлох хэмжээний нөөцтэй байгаа тул ханшид нөлөөлөхгүй гэж төв банк мэдээллээ. 

Холбоотой мэдээ