“Р.Чойномын номын мухлаг” энэ сарын 22-нд нээлтээ хийнэ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2021-09-17 16:08:47

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Яруу найрагч Р.Чойномын охин Ч.Мөнхтэмүүлэн Дархан суманд амьдардаг. Тэрээр гар дээрээс ном худалдаалдаг байсан бөгөөд өөрийн гэсэн номын мухлагтай болох мөрөөдэлтэй байсан аж. Харин түүнийг нь ТВ-9 телевизийн “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлгээр дамжуулан Өвөрмонголын сайхан сэтгэлт хүмүүс дэмжиж аавынх нь нэртэй буюу “Р.Чойномын номын мухлаг”-ыг нээхэд дэмжлэг үзүүлжээ.

Ч.Мөнхтэмүүлэнг номын мухлагтай болгох санаачилгыг  Р.Чойномын шүлэг, яруу найргийг шимтэн уншигч Өвөрмонголын иргэн Н. Азбаяр гаргажээ. Түүний уриалгыг дэмжиж ӨМӨЗО-ны “Итгэл”, “Алтан хоншоортон ” холбоодын хандиваар мөрөөдөл нь ийнхүү биелсэн байна.Тухайн номын мухлаг байрлуулах газрыг аймаг орон нутгийн удирдлагууд шийдвэрлэж өгчээ.

Албан ёсны нээлтээ энэ сарын 22-ны өдөр хийхээр төлөвлөсөн бөгөөд Улаанбаатар хотоос номын фонд бүрдүүлэх аж. Одоогоор аавынх нь ном дуусчээ. Иймд тус мухлагийн номын фондыг нэмэгдүүлэхэд “Хараа гол” байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн М.Амарсанаа болон хамт олон мөнгөн дэмжлэг үзүүлж оюуны хөрөнгө оруулалт хийлээ.

М.Амарсанаа хэлэхдээ: Хүүхэд залуус гар утас байнга ширтэх бус номын мухлагаар үйлчлүүлж, ном уншдаг болох хэрэгтэй. Мөн өөрийнх нь хүсэл биелж номын мухлагтай болсон Ч.Мөнхтэмүүлэн эгчдээ номын фондоо нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлж байна. Номд дуртай хүн бүхэн дэмжлэг үзүүлж, оюундаа хөрөнгө оруулах боломжтой гэлээ.

Холбоотой мэдээ