"Хүүхэд бүрийн төлөө хариуцлагатай байя" аян үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-09-20 11:29:31
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ГБХЗХГ-аас санаачлан хэрэгжүүлж буй “Хүүхэд бүрийн төлөө хариуцлагатай байя” аяны хүрээнд туг, дэвтэр аялуулан байгууллагуудын эцэг эхийн зөвлөлийг идэвхжүүлж байна.

Тус аяныг аймгийн ИТХ, ЗДТГ, тус аймаг дахь Цагдаагийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа ба энэ нь гэр бүлийн хүчирхийллээс ангид байж, хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, оролцоог нэмэгдүүлэхэд эцэг эх, асран хамгаалагчдын оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Энэхүү зорилгын хүрээнд аяны туг, дэвтэр хүлээн авсан байгууллагуудын эцэг эхийн зөвлөл гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, мэдээлэх, олон нийт, эцэг эх асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, тэдний эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх ажлуудыг зохион байгуулах ёстой аж.

Аяны үйл ажиллагаа 9 дүгээр сарын 6-нд эхэлсэн өдрөөсөө аймгийн ОБГ, ШШГГ, Мэргэжлийн хяналтын газар, Дундговь аймаг дахь Цагдаагийн газар, С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын сан зэрэг байгууллагаар аялаад байна.  

Тухайлбал, аймгийн ОБГ аяны туг, дэвтрийг хүлээн авч, “Мазаалай номын сан” байгуулж, алба хаагчдынхаа гэр бүлүүдийн дунд хүүхдийн номын булан байгуулах уралдаан зарлан, идэвхтэй оролцсон гэр бүлүүдийг урамшуулан хүүхдийн номын цуглуулга бэлэглэжээ. Мөн ГБХЗХГ-аас ирүүлсэн видео хичээлийг алба хаагчид болон гэр бүлийнхэнд нь цахимаар танилцуулсан байна.

Аяны үйл ажиллагаа 11 дүгээр сарын 23 хүртэл үргэлжлэх ба идэвхтэй оролцож, үйл ажиллагаа зохион байгуулсан эхний 5 байгууллагыг шалгаруулж, тус бүр 200 000 төгрөгөөр шагнаж урамшуулах ажээ. 

Холбоотой мэдээ