Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 9 даваатай башёг тэргүүлж явна

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-09-21 17:31:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Токио хотноо үргэлжилж байгаа сумо бөхийн намрын тэмцээн буюу Аки башёгийн 10 дахь өдрийн барилдаанд 73 дахь их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Ура /М-6/-тай барилдаж түүнийг уватэнаге мэхээр унагаж, 9 даваа 1 унаатай башёг тэргүүлж явна.  


Тэрбээр даваа гарагт Дайэйшо /Маэгшира-4/-д ёрикири мэхээр ойчиж 1 унаатай болсон бөгөөд маргааш Комүсүби Такаясүтэй барилдана.


Аки башёгийн 10 дахь өдөр Кирибаяама /М-2/ Б.Лхагвасүрэн, Хошёорюү С.Бямбасүрэн /М-1/-тэй учраа таарч барилдан түүнийг уватэнаге мэхээр хаяснаар 7 даваа, унаатай байгаа бол Хошёорюү 3 даваа, 5 унаатай /тэр гэмтлийн улмаас 2 өдөр өнжсөн/ боллоо.  


Мөн энэ өдөр Комүсүби Ичиножёо /М-2/ А.Ичинноров, Тамаваши /М-4/ Б.Мөнх-Оргил нар хоорондоо таарч барилдан Ичиножёо ошидаши мэхээр давснаар 4 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна. Харин Тамаваши 3 даваа, 7 унаатай байна.

 

Харин энэ башёд ганцхан даваатай явсан Чёошома /М-7/ Г.Мөнхсайхан, Шиманоүми /М-7/-тэй барилдан, түүнийг окүридаши мэхээр давж 2 даваатай боллоо.


Аки башёгийн 10 дахь өдрийн байдлаар Мёогирюү /М-10/, Оношо /М-6/ нар 2 унаа, 8 даваатай шинэ Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг нэхэж явна.

Холбоотой мэдээ